• ТББХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2019.10.03) хуралдаанаар “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. 

        Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан уг албан бичгийн талаар Тамгын газрын дарга З.Энхболд  танилцууллаа.

    Тэрбээр танилцуулгадаа, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг хууль зүйн зөрчил маргаангүй явуулбал зохих талаар миний бие 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хуралд сануулан, удаа дараа анхааруулсан боловч үл ойшоон, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг илэрхий зөрчсөн байдлаар Үндсэн хуулийн асуудалд хандсаныг хүлээн зөвшөөрөх аргагүй байна.

    Хууль ёсыг чанд баримталж, нийгмийн зөвшилцөл, ойлголцлын хүрээнд явуулах ёстой Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудалд нэг нам хүч түрэмгийлэн, дур зоргын байдлаар хандах нь сайн зүйл авч ирдэггүйг 2000 оны нэмэлт, өөрчлөлтүүд бүрэн харуулсан. Тодруулбал 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг олон нийт дордуулсан  7 өөрчлөлт хэмээн нэрлэж, Үндсэн хуульд орсон цагаас нь хойш өнөөг хүртэл шүүмжилж ирлээ. Энэ удаагийн оролдлого ч мөн дордуулсан 7 өөрчлөлтийг засна гэсэн уриа лоозонтойгоор эхэлж, үл бүтэх байдлаар өрнөлөө.

    Монгол Ардын Нам Улсын Их Хуралд үнэмлэхүй олонхийн суудал авч, төрийн эрхийг дангаар барьж байх үедээ Үндсэн хуульд дордуулсан 7 өөрчлөлтийг оруулсан байдаг бөгөөд уг өөрчлөлт улс орны хөгжил, улс төр, нийгмийн амьдралд сөрөг муу нөлөө үзүүлсэн тухай шүүмжлэл өнгөрсөн хугацаанд тасраагүйтэй адил тухайн өөрчлөлтийг оруулах үед явагдсан хууль тогтоох байгууллагын хуулийн зөрчил бүхий үйл ажиллагаатай холбогдсон маргаан бас тасраагүй гэж хэлж болно.

    Тодотговол Улсын Их Хурал хууль болон тогтоол гаргаж байхаар заасан тухайн үеийн хуулийн тодорхой зохицуулалтыг зөрчиж, 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хууль хэлбэрээр батлаагүйтэй холбогдон үүссэн маргаан Үндсэн хуулийн цэцийн хэмжээнд олон жил өрнөсөн байх бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдсан хэмээн дүгнэж  болохоор байна гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа онцлов.

    Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон ард нийтийн санал асуулга явуулах үйл ажиллагааг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний 73 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан гэдгийг З.Энхболд дарга танилцуулгадаа дурдсан.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Эрдэнэбат, О.Баасанхүү, Д.Хаянхярваа, Н.Энхболд нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

    Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Мөнхбат нар Үндсэн хууль бол нийгмийн ойлголцол, зөвшилцлийн гэрээний баримт бичиг тул АН, МАН улстөржилгүй, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгээ задлаад, сонгодог парламентын жишигрүү явах хэд хэдэн заалт дээр зөвшилцөж, Үндсэн хуулийн цэцэд очилгүйгээр хуулийн маргаан, зөрчилгүй байгаасай гэсэн үүднээс Ерөнхийлөгч хориг тавьсан байх. Иймд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй  гэсэн саналуудыг хэлж байлаа.

    Ингээд “Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 38.5 хувь нь дэмжив.

    Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь  хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ гэсэн заалттайг Байнгын хорооны дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа.  (Сур: Тодруулбал, Хүлээж авахыг 38.5 хувь нь дэмжсэн гэдэг бол гурваны нэгээс дээш гэсэн босгын давсан, тэгээд хүлээн авлаа гэсэн үг. Хоригийг дэмжиж гуравны нэг нь л санал өгөхөд хүлээн авахаар Үндсэн хуульд заасан байдаг аж)

    Иймд энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэв.

    Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ