• С.Эрдэнэ: Эрүүдэн шүүсэн гээд байгаа тэр бичлэг эвлүүлэг кино

    Монголын төр, нийгмийн 20-р зууны нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 21 жилийн өмнө бусдын гарт амь насаа алдсан. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулахад хар сүүдэр болсон энэ өдөр түүний хөшөөнд цэцэг өргөдөг уламжлалтай.

    Өчигдөр буюу 10-р сарын 2-ны өдөр түүний үйл хэргийг хүндэтгэж явдаг ард түмний төлөөлөл, гэр бүл, намын  нөхөд нь С.Зоригийн хөшөөнд  цэцэг өргөсөн юм. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвлэлийнхэнд хандаж хэлсэн үгэндээ нэг зүйлийг онцолсон нь олон нийтийн ундууцлыг хүргэсэн юм.

    Тухайлбал тэрээр,  “Хуульзүйн сайд  энэ хэргийн захиалагчийг зарлана гэчихээд жил гаран болоход одоо болтол ил болгохгүй байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гээд байгаа тэр эвлүүлэг киног үзсэн. Тэр бол эрүүдэн шүүсэн хэлбэр биш. Угаасаа Монголд эрүүдэн шүүлт байсан, одоо ч байгаа, цаашдаа ч байх болно” гэсэн ярилцлага өглөө.

    УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн хэргийг 18 жилийн дараа 2016 онд илрүүлснийг зарласан ч захиалагч нь илрээгүй. Харин Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар Т.Чимгээ нарыг түүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган ял сонсгоод байгаа.

    Харамсалтай нь тэдэнд өнгөрсөн хугацаанд хүчээр ял оноож бас эрүүдэн шүүлт явуулсан нь тодорхой болж энэ талаар нийгэмд хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа ч түүний анд, намын журмын  нөхөр гэгддэг С.Эрдэнэ ийнхүү “Эрүүдэн шүүсэн тэр бичлэг бол эвлүүлэг, шоронд ч тийм өндөр нягтаршил бүхий камер байхгүй” хэмээн мэдэгдээд байгаа юм.

    Дашрамд хэлэхэд, одоогоос 21 жилийн өмнө болсон энэхүү аймшигт хэргийн газарт орж, гарсан хүний тоо нийтдээ 74 бөгөөд үүнээс цагдаа, прокурор, шинжээч 17 хүн, УИХ, Засгийн газрын гишүүн, талийгаачийн найз нөхөд, намынх нь нийтдээ 57 хүн байсан гэдэг.

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх Ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат уг хэргийг хүлээж авахад 27 хавтаст хэрэг иржээ. Шүүхэд шилжүүлэхэд хавтаст хэргийн тоо 58, шүүх эцсийн шийдвэрээ гаргахад 66 болсон. Хэргийг шалгах явцад 4 ажлын хэсгийн 32 ажилтан солигдсон гэсэн баримт байдаг юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ