• Ахмадын баярын мэндчилгээ

    2019-10-01

    Монгол Ардын Намын ахмад гишүүд, зүтгэлтнүүд, азай буурлууд аа!

    Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн үе үеийн буянт буурлууд, Та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн халуун мэнд, энх тунх, аз жаргалтай, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Монгол Ардын Намын ахмадууд Та бүхэн бол улс орон ард түмнийхээ төлөө мэдлэг боловсрол, оюун ухаан, зүтгэл хөдөлмөрөө зориулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэд, салбар бүрийн манлайлагчид билээ.

    Та бүхнийхээ бүтээн бий болгож, өнөөдрийн бидэнд хүлээлгэн өгсөн эх орон, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, ололт амжилт бүхнийг нэр төртэй үргэлжлүүлж, улам сайжруулж, сайн сайхан болгох нь бидний үүрэг юм.

    Монгол Ардын Намын бодлого, мөрийн хөтөлбөрт ахмад настны нийгмийн хамгааллын асуудал онцгой байр суурь эзэлсээр ирлээ. Ахмад настнуудаа бүх талаар байнга халамжлан нийгмийн амьдралд идэвхтэй оролцон, эрүүл энх, ая тухтай, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэх нь манай намын нэгэн чухал зорилт юм.

    УИХ-аас “Ахмад настны тухай” хуулийг шинэчлэн баталж, ахмадууддаа “Насны хишиг” хүртээж байна. 2016 оны сонгуулийн үеэр амалсан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зорилтоо хэрэгжүүлж, жилийн 18 хувь байсан зээлийн хүү өнөөдрийн байдлаар 15 хувь болоод байна.

    Цаашид ахмад настнуудынхаа төлөө, тэдний амьдралын баталгааг дээшлүүлэхийн төлөө тууштай, алсын хараатай бодлого боловсруулж, хэрэгжүүлэхийн төлөө Монгол Ардын Нам улам хичээнгүйлэн ажиллах болно.

    Төр улсынхаа түшиг, түмэн олон залуусынхаа нөмөр нөөлөг болсон Монголын нийт ахмадууддаа энэ дашрамд хамгийн сайн сайхны өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

    Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ