• Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад саналуудаас боломжтойг нь тусгаад ҮНХӨ-өө батлаад явчихвал амар

    2019-10-01

    УИХ-ын Ээлжит бус чуулган өчигдөр хаагдсан. Энэхүү чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж Ард нийтийн санал асуулгаар уг төслийг ёсчлохоор шийдвэрлэсэн. Харин энэ Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад байгаа билээ. Энэ нь улстөр болоод нийгэмд асуудал үүсгээд буй.

    Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, авна гэдэг дээр УИХ-д 64 гишүүнтэй эрх баригч МАН-ын гишүүд хоёр хуваагдаад байгаа аж. Д.Лүндээжанцан тэргүүтэй гишүүд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авалгүй АНСА-г цааш явуулья гэж байгаа бол эсрэг талд нь хууль зөрчсөн тогтоол болсон тул хоригийг хүлээж авах нь зөв гэлцэж буй аж.

    Тэгвэл энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн төслийг бүр хэлэлцэхээ болихыг хүсч байгаа гишүүд ч байгаа гэнэ.

    УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг өмнөх хоригуудтай нь адил хүлээж авахгүй байх шийдвэр гаргая гэдэг санал дээр олонхи гишүүн байгаа ч, УИХ-д 7 гишүүнтэй АН болон УИХ-д 3 гишүүнтэй ШИНЭ намууд хоригийг хүлээж авах ёстой гэж байна.

    Тэгэхээр Х.Баттулгын хориг хаашаа ч эргэж мэдэхээр болоод байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа гэхэд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг тэгээд л орхичих гэж үү гэсэн асуулт гарна.

    Хоригийг хүлээж авлаа гэхэд төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үр дүнгээ дахин задалж, Ерөнхийлөгч Х.Баттулга болон АН-аас оруулсан зарим саналыг суулгаад дахин хоёр, гуравдугаар хэлэлцүүлгээ хийж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлаад явах хувилбар байгаа аж. Үүнийг өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ярина лээ. Үнэндээ ч 76 гишүүнийг 108 болгоод, сонгуулийнхаа хуулинд холимог тогтолцоог оруулах бол Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах төслийн нэг гол заалт. Үүнийг зөвшөөрчихөд болохгүй гэх газаргүй.

    Мөн хэдий УИХ-д 64 суудалтай дийлэнх олонхи боловч МАН дангаараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хүч түрэн баталж болохгүй. Тиймээс ч зөвшилцөл хийж эхэлсэн. Уг нь зөвшилцөл амжилттай болчихвол заавал АНСА явуулж баахан хөрөнгө мөнгө… Хэрвээ энэ чигээрээ МАН Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй АНСА явуулна гэх юм бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн олонхи дэмжихгүй унах магадлал өндөр. Тэгвэл дахин 8 жил ийм өөрчлөлт хийх тухай ярих эрхгүй болох билээ.

    Өмнө нь энэ зунжин, намаржин зөвшилцөж, маргаж мэтгэсэн ч санал нэгдэж чадалгүй АН ч, Ерөнхийлөгч ч Үндсэн хуульд оруулах саналаа татаж авсан. Тэгвэл МАН-ынхан энэ удаа зөвшилцлөө сэргээж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваад Ерөнхийлөгч, АН болон бусад намтай зөвшилцөөд УИХ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө батлаад явчихвал амар мэт.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ