Г.Занданшатар: Олон үзүүлэлтээр түүхэн гэж хэлж болох чуулган боллоо

2019-09-30

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ.  УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусган, Ард нийтийн санал асуулга явуулах товыг хэлэлцэн баталсан.  

Ээлжит бус чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар “Олон үзүүлэлтээр түүхэн гэж хэлж болох чуулган боллоо. Энэ чуулган парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжиллээ. Нийт 68 цаг хуралдаж 23 асуудал хэлэлцэж, 275 удаа санал хураажээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг орчим хуралдахдаа 263 санал хураалт явуулжээ.

Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээдийн хувьд та бид зуны турш амралтаа хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлаж хичээнгүй ажилласан, хурал чуулгандаа оролцсон гишүүддээ талархал илэрхийлэх нь зүйд нийцнэ. Ийнхүү Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах амаргүй хэрнээ түүхэн хариуцлагатай төр түмний төлөөх үйл хэргийн ачааны хүндийг нэр төртэй давж гарсан гэж хэлж болно. Эрхэм гишүүдээ УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулган хаасныг мэдэгдье” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ