• Чингис хаан-Бэрх тосгон чиглэлийн 20 километр авто зам ирэх сард ашиглалтад орно

    Хэнтий аймагт ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хаан хот – Бэрх тосгон чиглэлийн 20 км замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. “Өнөөдрийн байдлаар асфальтан хучилтын явц 95 хувьтай, 10 дугаар сарын дундуур ашиглалтад оруулна. 20 см зузаан цементэн суурин дээр долоон см зузаан асфальт хучсан” гэж ерөнхий гүйцэтгэгч “Наранбулаг хан” компанийн захирал Б.Эрхэмбаатар хэлэв.

    Хэдийгээр бороо хуртай байж хугацаа алдсан ч ажлаа төлөвлөсөн хугацаанд нь, чанартай гүйцэтгэж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийллээ. Мөн Азийн хөгжлийн банк, Арабын сангийн хөрөнгөөр Бэрх тосгоныг Дадал сумтай хатуу хучилттай замаар холбохоор үндсэндээ тохиролцоод байгааг хэлэв.

    Хэнтий аймаг энэ жил 134 тэрбум төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь Чингис хаан хот – Бэрх чиглэлийн зам юм. Зам ашиглалтад орсноор зүүн бүсийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх Засгийн газрын шийдвэрийн дагуу Дадал суманд хэрэгжүүлж байгаа “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” бүтээн байгуулалтын томоохон төсөл нэг шат ахина.

    Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл,мэдээлэл олон нийттэй харилцах алба

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ