• Олныг шуугиулах хориг, төсөв сонгуулийн хуулиудыг хэлэлцэх шуугиан будлиантай улстөржилт эхэлнэ

    2019-09-30

    Өнөөдөр УИХ-ын Ээлжит бус чуулган хаагдана. Тэгвэл маргааш УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Энэхүү чуулганаар улстөрийн сонирхолтой шуугиантай олон асуудлыг хэлэлцэнэ.

    УИХ-ын Ээлжит бус чуулганаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжих эсэхээр Ард нийтийн санал асуулга явуулахаар тогтоол гаргасан. Гэтэл уг тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавиад буй. Хууль ёсоор бол Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх ёстой тул энэ долоо хоногт уг асуудлыг хэлэлцэх гэж байна. МАН-ын УИХ дахь бүлэг өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэж, байнгын хороод үргэлжлүүлэн хэлэлцээд УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэх нь.

    УИХ дахь МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг өмнөх хоригуудтай нь адил хүлээж авахгүй байх шийдвэр гаргах нь тодорхой мэт. Харин УИХ-д гишүүнтэй АН болон УИХ-д 3 гишүүнтэй ШИНЭ намууд хоригийг хүлээж авах ёстой гэлцэж буй.

    Мөн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах тухай асуудлыг өнөө, маргаашдаа шийдэх болно. УИХ-ын 47 гишүүн уг асуудлыг дэмжээд байгаа гэх боловч энэхүү асуудлыг УИХ-ын босго алхуулахгүйгээр буцаах тухай яригдаж байгаа.

    Ингээд дараагийн томоохон хэрүүл, шуугиан үүсгэж болох асуудал бол Монгол улсын 2020 оны төсөв байх болно. Төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд Ерөнхийлөгч Х.Баттулга ямар асуудлуудыг төсөвт оруулахаар санал тавих вэ, төсвийн хуульд өнгөрсөн жилийнх шиг хориг тавих уу гээд асуудал олон гарна.

    Мөн сонгуулийн жилийн төсөв хэр улстөржсөнийг сөрөг хүчнийхэн хэрхэн ухаж гаргаж ирэх бол гээд сонирхол татах асуудал бишгүй бий.

    Эдгээрийг баахан шуугиантай хэлэлцсэний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл; Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл; Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл; Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл; Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл гээд бас л бөөн хэл ам, хэрүүл тэмцэлтэй хуулиуд шилээ даран хүлээж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ