• М.Анхцэцэг дэлхийн аваргаас дахин нэг хүрэл медаль хүртлээ

    2019-09-27

    Тайландын Паттая хотноо хүндийг өргөлтийн ДАШТ тэмцээн болж өнөөдөр өндөрлөж байна. Энэ удаагийн ДАШТ нь “Токио-2020” Олимпийн эрхийн оноо цуглуулах “Алтан” зэрэглэлд орж байгаа учир 101 орны 606 тамирчин оролцлоо. Манай улсаас дөрвөн эмэгтэй туйванч шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага доор хүч сорьсоноос 81 кг-ийн жинд М.Анхцэцэг хүрэл медаль хүртлээ.

    75 кг-ийн жинд өрсөлддөг байсан М.Анхцэцэг хүүхэд  төрүүлснээсээ хойш жин өгсөж 81 кг-д хүчээ сорьж байгаа. Тайландын дэвжээнд Анхцэцэг огцмоор 110 кг, түлхэлттэйд 127 кг, нийлбэр нь 237 кг амжилтаар Монгол Улсын рекорд амжилтыг гурван удаа шинэчилсэн. Жиндээ нийлбэрээр наймдугаарт бичигдсэн ч огцом өргөлтөөр 110 кг-ийн амжилтаар хүрэл медаль хүртлээ. Огцом өргөлтөөр алт, мөнгөн медаль зүүсэн БНСУ-ын Ли Жи Юн , Ким Су Хён нар 111 кг-ийг өргөсөн аж.

    Хоёр жилийн өмнө Монголын хүндийг өргөлтийн түүхэнд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс анхны медалийг авч түүхэн амжилтын эзэн болж байсан М.Анхцэцэг ийнхүү амжилтаа баталж, дэлхийн хошой медальтан болов.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ