• Маргааш Шинжлэх ухааны ажилтны Анхдугаар Их хурал эхэлнэ

    Монгол Улсын Засгийн газраас шинжлэх ухаан, технологийг улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил дэвшлийн тулгуур хүчин зүйл хэмээн үзэж Ерөнхий сайдын ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг энэ сарын 26-27-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар болоод байгаа.

    Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий 800 төлөөлөгч оролцох уг их хурлын талаар өнөөдөр БСШУСЯ, ШУА, ШУТС, СУИС, Монголын их дээд сургуулиудын консерциумаас энэ тухай хэд хоногийн өмнө мэдээлэл хийсэн.

    Тэр үеэр БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат “Шинжлэх ухааны салбар маань цаашид хэрхэн яаж хөгжих вэ гэдэг асуудлыг энэ хурлаар хэлэлцэнэ. Хуралд маань 800 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, шинжлэх ухааны салбарт тулгамдаад байгаа асуудлуудаа нэг бүрчлэн хэлэлцэж, гарц шийдлээ тодорхойлно. Энэ сарын 26-ны өдөр МУИС-ийн байранд ШУТИС, МУИС, СУИС-ийн салбар хуралдаанууд болно. Шинжлэх ухааны хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэл зэрэг сэдвээр хуралдана. Хуралдаанаас нэгдсэн зөвлөмж уриалга гарах төлөвлөгөөг гаргаад ажиллаж байна. Анхдугаар их хурлыг угтаад тогтоолын төслийг боловсруулсан.

    Шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өөрсдийн олсон орлогоо зарцуулах эрхтэй болгох, шилдэг судлаачдыг санхүүжүүлэх тогтолцоог бий болгох, дэлхийд оюуны бүтээлээрээ танигдсан эрдэмтэн судлаачийг төр засгаас дэмжих тогтоолын төслийг боловсрууллаа. Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргасан тамирчид, урлагийнхнийг төрөөс дэмждэг мөртлөө эрдэмтдээ дэмжихгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Шинжлэх ухааны салбар хөрөнгө оруулалт санхүүжилт, дэд бүтэц, судалгаа боловсруулалт, хүний нөөц дээр тогтдог” гэсэн.

    Харин Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш 98 жилийн дараа анхдугаар их хурлаа хийх гэж байна. Шинжлэх ухааны хөгжлийн түүхэнд томоор бичигдэх түүхэн үйл явдал болж байна гэж бид харж байгаа. Манай шинжлэх ухааны салбарын материаллаг бааз, хүний нөөц нэлээн хоцрогдолтой байсаар өнөөдрийг хүрсэн. Засгийн газраас энэ салбарын материалаг баазыг бэхжүүлэх цаг болсон. Энэ их хурлаас олон зуун санал бүхий хөтөлбөр, зөвлөмж гарна. Дэлхийн мэдлэгийн санг баяжуулахад онцгой хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачдаа Засгийн газраас хэрхэн дэмжих талаар ярьж эхэлсэн нь үнэхээр баярлууштай үйл явдал мөн. Монгол Улсынхаа шинжлэх ухааны салбарыг өндөрт гаргах, дэлхийд танигдсан Монголын шилдэг эрдэмтдийг Монголдоо урьж авчрах, эх орных нь төлөө ажиллуулах цаг болсон. Төр Засаг маань эрдэмтдийнхээ үгийг бодлогынхоо шийдвэрт ашигладаг болно байх” хэмээсэн юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ