Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай хамт явуулах нь  хар пиарт өртөх эрсдэл үүснэ

Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөнөөс “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөрх ард нийтийн санал асуулгыг яагаад УИХ-ын сонгуультай давхар явуулж болохгүй вэ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.    УИХ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр болсон. Гэвч УИХ—ыг тараагаад ээлжит сонгууль явуулж, уг сонгуулиа ард нийтийн санал асуулгатай явуулах санал гарч эхэлсэн.

Тэгвэл  Парламентын засаглалыг бэхжүүлэх хөдөлгөөнөөс  Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлах процессыг улс төрийн сонгуультай зэрэгцүүлж явуулах нь учир дутагдалтай гэж үзлээ.  Улс төрийн сонгуулийн үед бий болдог хар PR, сөрөг энерги нь Үндсэн хуулийн  зарим заалтыг бүдгэрүүлэх, МАН болон бусад намын талцлын дүнд зарим заалтуудаа батлуулж чадахгүй байх эрсдэлүүд бий болно гэж үзэж байна.

Мөн хэлэлцүүлэгт оролцогчид,”Олон нийтийн санал асуулгаар шийдвэрт хүрэхдээ нийт текстийг дэмжинэ, дэмжихгүй гэснээр явна. Тэгэхээс биш энэ заалтыг нь дэмжинэ, энийг нь дэмжихгүй гэсэн байдлаар явахгүй. Жишээ нь миний хувьд нийт төслийн 60-70 хувь дээр нь дэмжих нь зүйтэй гэсэн саналтай байгаа бол 30 хувийг нь ч дэмжих нь зүйтэй гэсэн хуульчид, залуучууд байна. Дэмжинэ, дэмжихгүй гэсэн хоёр заалтын өмнө ирчихээд байна” гэж онцолж байлаа.

Үндсэн хуулийн төслийн нарийн бичгийн дарга, доктор, профессор О.Мөнхсайхан  “Зургадугаар сард өргөн баригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нь 5 шатыг дамжиж гарч ирсөн бөгөөд 2015 оны Ардчилсан нам олонхи байсан үеийн Нямжавын Батбаяр нарын 47 гишүүний өргөн барьсан төслийн агуулгын 80 хувь нь энэ өөрчлөлтөд тусгагдсан” гэж онцоллоо.

62 гишүүний төслийн бүх заалтууд тусгагдаагүй  ч шүүхийн хараат бус, Засгийн газрыг тогтвортой хариуцлагатай,гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих,  хууль тогтоох ажлыг боловсронгуй болгох, нутгийн өөрөө удирдах системийг боловсронгуй болгох чиглэлийн төслүүд дэмжигджээ.

Дараахь боломжийн заалт,агуулгууд Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтий төсөлд тусгагдсаныг О.Мөнхсайхан   тайлбарлав.

Нэгдүгээрх гол зорилго нь, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэх бодлогыг тодорхойлж, тууштай хэрэгжүүлдэг Засгийн газартай болоё

1.Засгийн газрыг огцруулах 4 боломж байсныг 1 болгож цөөлсөн

36 гишүүний саналаар Ерөнхий сайдыг огцруулдаг байсныг хуралдаанд сууж буй гишүүдийн тоогоор бус нийт гишүүдийн 39-өөс доошгүй гишүүдийн олонхоор огцруулах болгосон.

2.Ерөнхий сайдад итгэл үзүүлэх зохицуулалт 27 жил хэрэгжээгүйг хэрэгжүүлэхээр болсон.

Бодлогын тодорхой асуудлыг Ерөнхий сайд оруулаад УИХ дэмжих юм бол шийдэгдээд, ажлаа хийх боломжийг бий болгосон.

3.Ерөнхий сайд Ерөнхийлөгчгүйгээр бие даагаад сайдаа томилох, огцруулах асуудлыг УИХ-д оруулах боломжтой болгосон

4.Улсын төсвийн зарлагын хэмжээ болон алдагдлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээс нэмэхийг хориглосон нь тооцоо, судалгаатай хөгжлийн төсөв батлагдах суурь тавигдсан.

Хоёрдугаар гол зорилго нь, гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлж байгаа бол энэд тавигдах хяналтыг бэхжүүлэе

1.Хяналт шалгалтын хороог Парламент дахь цөөнхийн санаачлагаар байгуулан, нотлох баримт авах, хуульд санамжинд тайлбар өгөх бүрэн эрхийг өгөх зохицуулалттай болсон

Олонхийн байгуулсан Засгийн газар нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар юу хийж байна вэ гэдэг бодит дүгнэлт, мэдээллийг гаргах механизмыг бий болгож байгаа. Парламентийн олонхи нь шийдвэр гаргаад хариуцлагаа хүлээ, харин цөөнх нь хяналтаа тавьна гэсэн үг.

2.Төрийн санхүү, төсөвд хяналт тавьдаг Аудитын байгууллагыг улс төрөөс ангид, хараат бус байх суурийг оруулсан

3.Хуулийг 20 гишүүн баталдаг байсныг 39-өөс доошгүй гишүүн батладаг болгосон

  1. Сонгууль болохоос нэг жилийн дотор нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон

5.Ерөнхийлөгч нь үндсэн эв нэгдлийг илэрхийлэгч, хууль тогтоох эрх мэдэл хоорондын хяналт, тэнцэл алдагдахад арбитирчийн үүрэг гүйцэтгэдэг байхын тулд 50-аас доошгүй настай байх, нэг удаа сонгогдоходоо 6 жилээр сонгогдоно.

Ерөнхийлөгчид хуулиар нэмж бүрэн эрх олгож байсныг хязгаарлах, зөвхөн үндсэн бүрэн эрхийг нь тодруулах зохицуулалтыг хийсэн.

Гуравдугаарх зорилго нь, хараат бус, шударга шүүхтэй болоё

1.Шүүхийн нэг хүнээс хэт хамааралтай байсныг салгаж, шүүхийн ерөнхий зөвлөлийн 50 хувийг шүүгчид, үлдсэн хувийг нь нээлттэйгээр томилдог болгосон

2.Шүүгчдэд хариуцлага хүлээлгэх Шүүхийн сахилгын хороог байгуулах

3.Шүүхийг тойргоор зохион байгуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх суурь зохицуулалтууд оржээ.

Дөрөвдүгээрх гол зорилго нь, нутгийн өөрөө удирдах системийг боловсронгуй болгоё

1.Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эдийн засгийн хувьд бие даан ажиллах үндсийг бий болгосон.

  1. ИТХ-ын Тэргүүлэгчдийг байхгүй болгосон.

Мөн байгалийн баялагтай холбоотой ашиглах зарчмууд, үүнтэй холбоотой иргэдийн мэдэх эрхийг тодорхой тусгаж, стратегийн ордын үр өгөөж ард түмэнд ногдох зохицуулалтууд хийгджээ.

О.Мөнхсайхан: 1992 оны анхны Ардчилсан Үндсэн хуулийн амин сүнс нь парламентын тогтолцоо

“Судлаач хүний хувьд 1992 оны анхны ардчилсан Үндсэн хуулийн протоколыг уншихад маш үндэслэлтэйгээр хэлэлцэгдэн гарсан учраас хүлээн зөвшөөрөгдөх чадварын хувьд маш сайн гэж үздэг. Энэ Үндсэн хуулийн гол сүнс бол парламентын тогтолцоо. Үндсэн хууль тогтоогчид маань “Нэг хүн Монголын хувь заяатай холбоотой шийдвэрийг дангаараа гаргах нь геополитикийн хувьд том хөршүүдтэй улсын хувьд хэтэрхий эрсдэлтэй” гээд, иргэдийнхээ илүү олон төлөөлөгчдөөр нээлттэй ил тод хэлэлцдэг байдлаараа аюулгүй байдлаа хангах үндэслэлээр парламентын тогтолцоог сонгосон.  Энэ шийдвэр бол маш зөв сонголт байсан бөгөөд залуучууд бидний хувьд энийгээ цаашид тордож авч явах шаардлагатай.

Ардчилал төлөвшчихсөн Америк, Японтой өөрсдийгөө харьцуулахад хоцорч явж болох ч 1990 оноос чөлөөт ардчилсан нийгэм рүү алхаж явсан улсуудтай харьцуулахад адагт нь явсан юм байхгүй.

Иргэд төрийг  ажлаа хийгээч ээ гэсэн шаардлага тавж байгаа ч  шаардлагыг буруугаар мушгин гуйвуулж, авторитар дэглэм рүү шилжих эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болж бүх зүйлийг шинээр эхлэх юм руу түлхэх тодорхой санаархал, төлөвлөгөө байгаа нь ил тод болсон.

Иргэдийн энэ санал, шаардлагыг бид нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийддэг төрөө бэхжүүлээч ээ гэж л ойлгож хэрэгтэй. Тэрнээс биш засаглалын хэлбэрийг соль гэсэн үг биш.

Дэлхий дахины судалгаанаас харвал хууль дээдлэх ёс, шүүхийн хараат бус  байдлаараа тэргүүлдэг эхний 33 улсын  гуравны хоёроос илүү нь парламентын тогтолцоотой.  Хүний эрх чөлөөг хамгаалсан, авлигалаас ангид эхний 30 улсын мөн адил гуравны хоёроос илүү нь парламентын тогтолцоотой.   Бид   сонгож авсан замаараа тууштай явбал ардчилсан,тусгаар тогтносон байгаад зогсохгүй эдийн засгийн хувьд хөгжих боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ