• “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэжээ

    “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг өөрийн цахим хуудсаараа дамжуулан тус төрийн бус байгууллагын эх орон, байгаль дэлхийн төлөө хийж буй тэмцлийг цагдаагийн алба хаагчид улстөрчийн захиалгаар зогсоох гэж байгаа тухай мэдээлэл түгээсэн.

    Энэ мэдээлэлд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү тайлбар хийлээ. Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага захиалгаар шалгалт явуулдаггүй. Хэн нэгэн хүний гомдол мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Тухайн хэргийн хохирогч иргэн Д албан ёсоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдол үндэслэлтэй байна гэж үзэн баримттайгаар тус ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгалтын ажиллагаа явуулж байна” гэлээ.

    “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуягт Эрүүгийн хуулийн 17.6 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ.

    17.6 дугаар зүйл.Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх

    1.Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ