• У.Хүрэлсүх:Гаднаас эрчим хүч авахаа болихоор ам. долларын ханш буурч,дагаад мах,талхны үнэ буурна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн ням гаригт  Орхон аймагт ажиллав.  Тэрээр орон сууцны “1А” хороолол, Шинжлэх ухаан технологийн паркийн үйл ажиллагаа, “Бэрэн металл” гангийн үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэт ДЦС”-ын өргөтгөл зэрэг Орхон аймагт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцсан. Мөн “Эх орон дуудаж байна” 3000 залуусын цугларалт уулзалтад оролцож, Уурхайчин соёлын ордонд иргэдтэй уулзалт хийжээ.

      “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн   парк”-ийг 2016 онд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар Орон нутагт шинжлэх ухаан, техник, технологийн судалгаа, инновацын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулжээ. Энэ ажилд орон нутгийн төсвөөс нийтдээ 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэнэ.

    Өнөөдрийн байдлаар Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк нь Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Дөрвөн улирлын хүлэмж зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнээс Гагнуурын электродын үйлдвэр нь  жилд 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2018, 2019 онд 800 орчим сая төгрөгийн борлуулалт хийсэн гэнэ. Энэхүү үйлдвэрийн цогцолборт шаардлагатай санхүүжилт дээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг  Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн эрдэмтэд Ерөнхий сайдаас хүссэн байна.

    Харин  “Бэрэн металл” ХХК-ийн гангийн үйлдвэрийн хувьд  200.000 мянган барилгын арматур бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 500 мянган тонн барилгын арматур импортолдог байна. Ойрын  хугацаанд үйлдвэрлэл илүү сайн хөгжвөл импорт нэг сая тонн хэмжээнд хүрэх боломжтой хэмээн танилцуулжээ.

    Төмөрлөгийн үйлдвэрийн төслийн удирдагч Л.Бямбадорж “Манай үйлдвэрийн бүтээн байгуулалт 2014 оноос эхэлсэн. Үндсэндээ гангийн  үйлдвэрийн эцсийн шат дамжлага 2020 оны тавдугаар сард  бүрэн хэмжээнд ашиглалтад орно. Мэдээж хөрөнгө оруулалтын асуудал тулгамдаж байна. Үйлдвэрлэлээ бүрэн хэмжээнд эхлүүлэхэд ойролцоогоор арван сая ам.доллар шаардлагатай. Одоохондоо гангаас бусад үйлдвэр ажиллаж байгаа учраас нийт зах зээлийн 40-50 хувийг өөрсдийнхөө үйлдвэрээс хангахаар ажиллаж байна” гэсэн байна.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд , эрчим хүч, нефть,цемент,гангийн үйлдвэрийг дотооддоо хөгжүүлэх шаардлагатайг онцолж байлаа.

    Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд 790 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Энэ оны эхний наймдугаар сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтууд 100-аас дээш хувиар биелсэн байна. Улс орон нутгийн төсөвт энэ оны эхний наймдугаар сард 688 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол оны эцэст 790 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр байгаа аж. Эрдэнэт овооны орд газрыг анх ашиглаж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл 370 метр гүнзгийрсэн бөгөөд цаашид Эрдэнэтийн овооны орд газрыг 700 метр хүртэл ил уурхайгаар ашиглах боломжтой юм. Тодруулбал, ил уурхайн гүн орчимд сүүлийн гурван жил геологи хайгуулын ажлыг идэвхтэй хийсний үр дүнд 2006 онд дээрх орд газрын нөөц баялаг 40 жил ашиглаад дуусна гэсэн яриа байсан бол цаашид 60 жил ажиллах нөөц баялагтай гэдгийг тодорхойлж чаджээ.

    Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөлийг 2020 онд ашиглалтад хүлээлгэж өгнө.БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Эрдэнэтийн ДЦС Төрийн өмчит хувьцаат компанийг  өргөтгөх ажлыг наймдугаар сард эхлүүлжээ. Нийт өртөг 51.8 сая ам.доллар бөгөөд 2020 оны наймдугаар сарын 16-нд ашиглалтад хүлээлгэж өгөх аж.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бидний хамгийн чухал асуудал бол эрчим хүч. Эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэх нь улсын аюулгүй байдалтай холбоотой. Гаднаас эрчим хүч авахаа боливол  үнэ нь буурч  1.5 тэрбум ам.доллар Монголд үлдэнэ гэсэн үг. Улмаар ам.долларын ханш буурахаар мах,талхны үнэ буурна.

    Бид суурь асуудлаа олон жил харалгүй явсан байна. Тийм учраас эрчим хүч, нефть, хүнс, үйлдвэрийн асуудлуудаа дотооддоо  шийдчих юм бол Монгол Улс  хөл дээрээ босоход ойрхон байна. Үүнд сэтгэл гарган ажиллаж, хөрөнгө мөнгөө эдгээр салбарт харамгүй зарцуулах ёстой” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ