• Д.Хүрэлбаатар:Хүн төвтэй эдийн засгийн зөв тогтвортой өсөлтийг хангах хэрэгтэй

    “Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны улсын 6 дугаар зөвлөгөөн” 2019 оны 9 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсантай холбогдуулан Монгол Улсын дөрөв дэх Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатартай Монгол Улсын төсөв, санхүүгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа.

     Өнгөрсөн өдрүүдэд “Бүртгэл, Санхүү, Эдийн засгийн ажилтны улсын 6 дугаар зөвлөгөөн” Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж өнгөрлөө. Та Монгол Улсын 4 дэх Ерөнхий аудитороор ажиллаж байсан хүн, зөвлөгөөнтэй холбоотой өөрийн санал бодлоо илэрхийлнэ үү.

    -Юуны өмнө энэхүү улсын VI зөвлөгөөнд оролцсон нийт мэргэжил нэгт нөхдөдөө энэ өдрийн мэндийг хүргэе.

    Өнгөрсөн зөвлөгөөнөөр Монгол Улсын төсөв, санхүү, эдийн засгийн сүүлийн 8 жилийн байдлыг дүгнэн хэлэлцэж, цаашдын улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын зорилго, зорилтуудыг тодорхойлохоор хуран чуулсан нь чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

    Ер нь манай улсын макро-эдийн засгийн байдал, эдийн засгийн хөгжлийн бодлого нь улс орны төсөв, санхүүгийн бодлоготой шууд холбоотой бөгөөд энэхүү бодлогыг хэрхэн зөв тодорхойлж байгаагаас улс орны хөгжлийн цаашдын чиг хандлага шууд хамааралтай байдаг.

    Үүнд хамгийн чухал суурь хүчин зүйл бол эрх зүйн орчин юм. 2011 оноос хойш төсөв, санхүүгийн эрх зүйн орчин өөрчлөгдөж хэд хэдэн чухал хуулиуд батлагдан хэрэгжиж эхэлснийг Та бид мэдэж байгаа. Үүнд тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль 2010 онд, Төсвийн тухай хууль 2011 онд, Шилэн дансны тухай хууль 2014 онд, Өрийн удирдлагын тухай хууль 2015 онд, Ирээдүйн  өв сангийн тухай хууль 2016 онд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2019 онд, Татварын багц хууль мөн тус УИХ-аар батлагдаж хэрэгжиж байгаа билээ.

    Төсөв, санхүүгийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудал үе шаттай шинэчлэгдэн хийгдэж ирсэн боловч, батлагдан гарсан дээрх хуулиудын хэрэгжилтийн байдал өнөөдөр ч тун хангалтгүй байсаар байна. Өөрөөр хэлбэл, төсөв, санхүүгийн сахилга бат хангалттай биш байхын зэрэгцээ, түүнд тавих хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг илүү сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал өнөөдрийг хүртэлх хугацаанд УИХ өнгөрсөн 2018 оны Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн батлаагүй байгаа нь төсөв, санхүүгийн хяналт дээд шатнаасаа эхлээд төсвийн байгууллага хүртлээ суларч, хариуцлага алдагдсаны тод жишээ. Түүгээр ч үл барам хууль тогтоох дээд байгууллага өөрөө хуулиа хэрэгжүүлэхгүй байна.

    Мөн одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй төсөв, санхүүгийн эрх зүйн зохицуулалтаар УИХ, Засгийн газар, Ерөнхий сайд, Сангийн сайд, Сангийн яам зэрэг субъектүүд Улсын төсвийн буюу нийтийн төсвийн өмнө хүлээх хариуцлагын талаар эрх зүйн зохицуулалт хангалтгүй явж ирсэн. Үүнээс шалтгаалж төсвийн хөрөнгийг үр ашиггүй төлөвлөн, захиран зарцуулах, төрөөс хулгай хийх, авилгал, хээл хахуулийн асуудал, цаашлаад концесс болон бусад олон алдаа зөрчлүүд гарсаар байна. Дээрх алдаа зөрчлийг арилгах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай. Энэ чиг үүрэг нь Төрийн аудитын байгууллагад байдаг.

    Төрийн аудитын байгууллага гэдэг бол ард түмний өмнөөс төрийн бодлого, үйл ажиллагаа, төсөв, санхүү, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллага юм.

    Тийм учраас Засгийн газрын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтын тогтолцоо буюу төрийн аудитын өнөөгийн тогтолцоог өөрчлөн, Төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг Үндсэн хуулиар баталгаажуулж, олон улсын түвшинд нийцүүлэх, ингэснээр төрийн бодлого, төсөв, санхүүгийн системд тавих хяналтыг сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Өнөөдөр дэлхийн цөөнгүй улс, орнууд Төрийн аудитын байгууллагаа ҮНДСЭН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГА гэж үзэн түүний дархлааг Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг.

    -Сангийн сайдын илтгэлд дурдагдсан Монгол Улсын макро-эдийн засгийн бодлогын нөлөөлөл, тэр дотроо төсөв, санхүү, мөнгөний бодлогын хэрэгжилт өнгөрсөн хугацаанд хэрхэн байсныг Та дүгнээд товчхон хэлж өгнө үү? Сайжирсантай санал нийлэх үү?

    -Өнгөрсөн хугацаанд манай улсын төсөв, санхүү, мөнгөний бодлого алдаа ихтэй, олсон ололт, засаж залруулсан зүйлүүд ч арвинтай он жилүүдийг даван туулсан. Өөрөөр хэлбэл гадаад хүчин зүйлсээс хэт их хамааралтай тухайлбал, дэлхийн алт, зэс, нүүрсний зах зээлийн үнээс шууд хамааралтай манай улсын эдийн засаг, төсөв, санхүүд хүнд сорилтууд тулгарч, түүнийг даван туулж гарсан арга замууд адармаатай, бэрхшээлтэй явж ирснийг дурдах нь зүйтэй.

    Гэхдээ 2012 оноос эхлээд тухайн үеийн Засгийн газар, УИХ нь төсөв, санхүү, мөнгөний бодлогын хувьд маш хариуцлагагүй хандаж, алдаатай бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Жишээ нь, техник эдийн засгийн тооцоо судалгаагүй байж гадаад зээлийг их хэмжээгээр авч үр ашиггүй зарцуулан эргээд энэ нь улс орны гадаад өрийн хэмжээг ихээхэн нэмэгдүүлж, энэхүү өрийг дахин гадаад зээлээр төлөх байдлаар явсан нь манай улсыг санхүүгийн хувьд төлбөрийн чадваргүй гэж байдалд хүрснийг зарлах хүртэл төвшинд буюу (default)-д хүргэсэн. Нөгөө талаар Засгийн газрын болон арилжааны банкнуудын чиг үүргийг Монголбанк гүйцэтгэсэн нь төрийн мөнгөний болон төсвийн бодлого алдагдахад хүрсэн. Тухайлбал, Монголбанк мөнгө хэвлэж урт хугацаанд үр нөлөөгүй хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн. Мөн түүнчлэн тухайн үеийн Засгийн газраас Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлсэн боловч тэр нь амжилтад хүрээгүй.

    Төсвийн нийт алдагдлын хэмжээ ДНБ-д харьцуулсан харьцаа -17 хувьд хүрсэн. Тухайн үед эдийн засгийн өсөлт 2011 онд супер эдийн засгийн өсөлттэй байсан буюу 17.3 хувь байсан бол 2016 онд 1 хувь хүртэл уналттай болсон, улс орны зээлжих зэрэглэлийн түвшин маш доогуур хасах байдлаар үнэлэгдэж, гадаад валютын албан нөөц шавхагдаж, хүн амын амьжиргааны түвшин дордсон зэргийг нэрлэж болохоор байна.

    Харин 2017 оноос эхлэн Засгийн газар ОУВС-тай хамтран ажиллаж эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгах, гадаад өрийн дарамтыг багасгах, өрийг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсны үр дүнд эдийн засгийн өсөлт аажмаар бий болж, сэргэж байна. Өнгөрсөн онд манай улсын ДНБ ний хэмжээ 32.3 их наяд төгрөгөөр хэмжигдэж, эдийн засгийн өсөлт 7.2 хувьд хүрч, Засгийн газрын гадаад өрийн үлдэгдэл ДНБ-нд харьцуулсан харьцаа 2019 оны хагас жилийн байдлаар 54.4 хувьд хүрсэн, гадаад валютын нөөц 3 тэрбум доллар болж, улс орны зээлжих зэрэглэлийн түвшин нэмэх тогтвортой гэсэн үзүүлэлтэд хүрсэн. Тухайн үед миний бие Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллах үедээ Засгийн газар, Монгол банканд  улс орны макро эдийн засгийн бодлого, тэр дундаа төсөв, мөнгөний бодлогын хоорондын нийцтэй байдал, уялдаа хамаарлыг авч үзэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгч байсан бөгөөд энэхүү зөвлөмжийн дагуу Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч нар төсөв, мөнгөний бодлогын хувьд хамтран ажиллах Санамж бичгийг байгуулж ажилласан. Улс орны эдийн засгийн тогтвортой өсөлт бий болоход Төрийн аудитын байгууллагын хувь нэмэр их байсан гэж үздэг.

    -Улс орны цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход төсөв болон мөнгөний бодлого чухал ач холбогдолтой гэж Та сая хэллээ. Тэгвэл бид ойрын жилүүдэд дунд хугацаанд эдийн засгийн болон төсөв, санхүүгийн бодлогоо хэрхэн тодорхойлох шаардлагатай вэ? гэж Та харж байна?

    Одоо яг юу хэрэгтэй байна вэ гэвэл хамгийн чухал нь хүн төвтэй эдийн засгийн зөв тогтвортой өсөлтийг хангах хэрэгтэй. Мөн Монголбанкны тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэснээр валютын ханшийн өсөлтөөс хамааралтай төсөвт болон иргэдэд учирч буй өрийн болон төгрөгийн ханшийн уналтын дарамт багасна. Үүний тулд төсөв, санхүү, мөнгөний бодлого, гадаад худалдааны тэнцвэрийг зөв оновчтой болгох, өөрөөр хэлбэл бодит зүйл болгох стратеги хэрэгтэй байна. Төсөв, татварын шинэчлэлийг зөв шат дараалал, тэргүүлэх чиглэлээр хийх, төсвийн эрүүл тогтолцоо чухал ач холбогдолтой, мөн бодлого санаачлагдаа тууштай хэрэгжүүлэх бодлогын тогтвортой байдал чухал байсаар байна. Цаашлаад уул уурхай, эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, түүнээс орсон орлогыг эдийн засгийн бусад салбарт чиглүүлснээр л зарчмын хувьд улс оронд ахиц дэвшлийн боломж бий болгоно.

    Эцэст нь хүн төвтэй хөгжлийн зөв бодлого хэрэгжүүлснээр  аз жаргалтай, амар тайван амьдрах орчин нөхцөлөөр хангагдаж, эдийн засгийн өсөлтийн үр ашиг, үр шимийг нь хүн бүрд хүргэж, улс орон нь хүн бүрийн оролцоотой эдийн засгийн тогтвортой байдалд хүрэх учиртай. Энэ л төрийн бодлого, тэр дундаа санхүү, төсөв, мөнгөний бодлогыг тодорхойлж хэрэгжүүлж байгаа манай Засгийн газар, Сангийн яам, төсвийн, санхүүгийн мэргэжилтнүүдийн анхаарах ёстой чухал зүйл мөн гэж бодож байна.

    Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ