УИХ тарах шуугианы эргэн тойронд юу өрнөв?

Сүүлийн хэд хоног МАН-ынхан УИХ-ыг тарааж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх Ард нийтийн санал асуулгатай хамт ээлжит бус сонгууль явуулах гэж байна. Үүний тулд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь намын бүлгийнхээ дарыг албан бланкан дээр гишүүдээрээ гарын үсэг зуруулж байна хэмээн мэдээлж байгаа. Энэхүү санаархлыг АН болон МАХН эсэргүүцээд гавьяа байгуулж байгаа тухай яригдах болов.

Энэ тухайд МАН-ын генсек Д.Амарбаясгалан “Парламент хугацаанаасаа өмнө тарах нь зөв юмаа гэж үзэх юм бол  энэ асуудал нам дээр яригдана. Намын удирдах зөвлөл, Бага хурлын түвшинд  яригдана.  Гэвч одоогоор энэ асуудал яригдаагүй. УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар гишүүд өөрсдөө намынхаа удирдлагатай уулзаж, санал бодлоо ярьж байгаа мэр сэр хүмүүс бий.  Тэдний санаа бодлыг сонсох,  хэлж ярьж байгааг нь дүгнэх үүрэг намын Ерөнхий нарийн бичгийн даргад байдаг. Тийм болохоор тэдний санаа бодлыг сонсох төдий л явж байна. Тэгснээс гишүүдийг дуудаж ирүүлээд гарын үсэг зуруулж байгаа зүйл огт байхгүй” гэсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүдээс гарын үсэг зуруулж байгаа нь үнэн гэж мэдээлж байгаа ба гурав хоногийн өмнө 47 гишүүн аль хэдийн гарын үсгээ зурчихсан дуулдсан. УИХ-ыг тараахад бүх гишүүдийн 3/2 нь гарын үсгээ зурах ёстой болно. Харин өчигдөр зарим хэвлэлүүд уг бичигт 51 гишүүн гарын үсгээ зурчихсан тухай ярьж эхэлсэн. Click To Tweet

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлалгүйгээр Ард нийтийн санал асуулга явуулж асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж буй.

МАН-ын МАНАН болоод 60 тэрбумын хэмээх бүлэглэлд багтдаг гишүүд энэхүү асуудлыг улаан цайм эсэргүүцэж байна. Тэдний хувьд УИХ тарвал улстөрийн нөхцөл байдалд Ерөнхийлөгчид ашигтай болно хэмээн шууд мэдэгдэж байгаа. Тухайлахад Д.Хаянхирваа, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн нар ингэж үзэж байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Тэднийхээр бол Ерөнхийлөгч Х.Баттулгын тоглолт яваад байгаа бололтой. Учир нь Х.Баттулга хоёр ч удаа УИХ-ыг өөрсдөө тараа хэмээн шаардаж байсан ба энэ удаа бол УИХ-ын жидүүчдийг “барьцаалсан” бололтой хэмээн олон хүн үзэж байна.

Тэгвэл энэ асуудлыг бусад нь юу гэж үзэж байгаа талаарх багц мэдээллийг хүргэе.

УИХ-д 9 гишүүн бүхий бүлэгтэй байсан АН эдүгээ 7 гишүүнтэй болоод байгаа. Тус намынхан өнгөрсөн өвөл УИХ-ыг тараах тогтоолын төсөл санаачлан гарын үсэг зуруулж байсан ч олон гишүүд дэмжээгүй учир тэгсгээд чимээгүй болсон. Харин энэ удаа эрх баригч МАН-аас УИХ-ыг тараах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд байна. Тус намын дарга С.Эрдэнэ ийнхүү мэдэгдсэн.

С.Эрдэнэ: УИХ-ыг тараах асуудлаас өмнө хариуцлагаа хүлээ  

МАН ёс зүйгүй, жудаггүй, УИХ-ын гишүүний төрд өргөсөн тангаргаасаа няцсан гишүүд нь олонх болчихоод байгаа. УИХ-ыг тарах нь зүйтэй гэдэг саналыг манай нам аль хоёр жилийн өмнө тавьсан. Өнөөдөр гэнэтхэн юу болоод эрх барьж байгаа нам дотроо ийм зүйл яриад унав гэдэг нь сонирхолтой байна. Манай намын байр суурь бол тодорхой. Бид бол УИХ-ыг тарсан ч, эс тарсан ч хариуцлага ярина. Өнөөгийн эрх барьж байгаа нам аливаа юмны үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг шүү дээ. Түүнтэй адил эрх баригчдын явуулж буй алдаатай бодлого  үнэнд арга буюу үнэнд гүйцэгдэж байна. Яагаад УИХ-ыг тараах асуудал яриад эхлэв гэдгийг анзаарах юм бол эд нар ерөөсөө л хариуцлагаас зугатаах гэж байгаа юм байна. Хэрвээ УИХ-ыг тарах тухай асуудал ярих гэж байгаа бол эхлээд хариуцлагаа хүлээ. Хуулийн хүрээнд болон ёс зүйн, улс төрийн хариуцлагаа хүлээ. Тэрний дараа УИХ тарах эсэх асуудлыг ард түмэн өөрсдөө шийдээд өгнө.

Харин УИХ-д ганц суудалтай МАХН-ын тухайд нам нь УИХ-ыг тарах нь зөв гэж үзэж байгаа бол УИХ дахь ганц гишүүн О.Баасанхүү нь тарахыг эсэргүүцэж буй. Click To Tweet

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд “УИХ-ын гишүүнээс больё гэдэг бол ажил хиймээргүй байна гэсэн үг” хэмээн эсэргүүцэж байна.

Тэгвэл АН болон О.Баасанхүүг МАНАН-гийн тал гэлцэх. Харин МАХН-ын удирдлага тухайлахад тус намын дарга Н.Энхбаярыг сүүлийн хэдэн сар Х.Баттулга Ерөнхийлөгчтэй нэг талд гарсан гэлцэж буй. Тиймээс ч Ерөнхийлөгч яаж дуугарч байна тэр талд дуугарч байгаа Click To Tweet хэмээнэ.

Тиймээс МАХН нь өчигдөр мэдэгдэл хийж УИХ-ыг тарахыг шаардаад байна. МАХН-ын Гүйцэтгэх товчоо энэ сарын 16-нд хуралдаж одоогийн УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарах хууль зүйн хангалттай үндэслэлтэй хэмээн үзэж тарахыг шаардаж тогтоол гаргасан аж. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга “Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуулийн журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчиж төрийн эргэлт хийх замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайрч байгаа УИХ-ын гишүүд ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлж 60 тэрбумын хэрэгт анхнаасаа холбогдсон, УИХ-ын 49 гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй, бага хүүтэй зээл авсан. Мөн эмэгтэй хүнийг хүчиндсэн, Концессийн хэрэг, тендер, хүн амины хэрэгт нэр холбогдсон тул өнөөгийн УИХ цаашид ажиллах ёс зүйн эрхгүй, хууль зүйн чадамжгүй гэж Монголын ард түмэн үзэж байна. Иймд МАХН-ын Гүйцэтгэх товчоо  нийгмийн захиалгын дагуу УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй гэж үзэж ийнхүү тарахыг шаардаж байна” хэмээн уг тогтоолоо танилцуулсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар УИХ-ыг тарахыг дэмжиж байгаа мөн өчигдөр илэрхийллээ. Ж.Батзандан “Одоогоос хэдхэн сарын өмнө УИХ-ыг тараах санаачилгад 15 гишүүн гарын үсгээ зураад зогсож байсан. Гэтэл одоо зарим нь тараах шаардлагагүй гээд явж байна. Харин бид зургаан сарын өмнө Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихаад УИХ-ыг тараая гэсэн санал гаргаж байсан. Одоо ч энэ байр сууриндаа хэвээрээ байгаа” гэж мэдэгдээд буй.

Харин УИХ-д суудалгүй бусад намын тухайд янз бүр л байх шиг. ХҮН гэхэд УИХ-ыг тарахад дэмжинэ гэдгээ илэрхийлсэн.

Үнэхээр УИХ-аа тараалаа гэхэд төр, засгийн эрхээ нэг хүнд шилжүүлчих эгзэг гарах вий хэмээн санаа зовинож байгаа хүн олон байна. Ялангуяа хуульчдын тухайд уг асуудалд хамгийн их санаа зовж байгаагаа илэрхийлсээр байна Click To Tweet.

Санаа зовж байгаа асуудал нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар асуухтай зэрэгцүүлж Ээлжит бус сонгуулиа явуулж амжихгүй, хууль зүйн боломж байхгүй гэж байна. Мөн УИХ-д нэр дэвших хүсэлтэй төрийн албан хаагчид 6 сарын өмнө ажлаа өгдөг хуулийн зохицуулалттай гэлцэж буй.

Гэхдээ тэд нэг юмыг мартчихаад байна. Улстөрчид, эрх баригч намынхан өөрсөддөө ашигтай гэж үзвэл сонгуулийн хуулийг сонгууль тулчихсан үед хүртэл өөрчилчихдөг. Үүнийг та бид 2016 оны сонгуулийн өмнөхөн харж байсан билээ Click To Tweet. Тухайн үеийн АН-ын эрх баригчид лидерүүддээ зориулж сонгуулийн тойрог зурах гэж яалаа. Ч.Хүрэлбаатар гишүүн түүнд нь шаралхаад Увсад очиж миний тойрогт өрсөлдөх зоригтой нь хүрээд ир гэж байгаад ялж билээ. Энэ жишгээр сонгуулийн хуулийг өөрчилчих боломж бол байна. Тиймээс УИХ тарж мэдэхээр байдал нэгэнт үүсчихээд байна. Хэдий сонгуулиас 6 сарын өмнө хуулийг нь өөрчилж болохгүй гэдэг ч түүнийгээ мөрдөх нь үгүй. Энэ удаа ийнхүү зүтгүүлж мэдэх л юм.

Ийнхүү ирэх долоо хоногийн эхээр цугларах УИХ-ын гишүүд тарах асуудлаа хэлэлцэх магадлал тун өндөр болоод байна. Хэрвээ 51 гишүүн гарын үсгээ зурсан бол эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл улмаар Бага хурал нь хуралдаж байж уг асуудлыг шийдэх болов уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ