• Ш.Энхтөр:Хатиг,буглаагаар өвчлөх хүүхдийн тоо 10 жилд 10 дахин нэмэгдсэн

    Монголын нийт хүн амын 30 хувийг 0-14 насны хүүхдүүд эзэлдэг. Үндэсний хэмжээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг цорын ганц газар бол Эх,хүүхдийн эрүүл мэндийн төв. Эмчилгээ, үйлчилгээний хүрэлцээ хэр байгаа болон удахгүй томуугийн улирал эхлэх гэж буйтай холбогдуулан вакцинжуулалтын талаар Эх,хүүхдийн эрүүл мэндийн төвийн захирал, доктор Ш.Энхтөртэй ярилцлаа.

    -Эх,хүүхдийн эрүүл мэндийн төвийн ачаалал өмнөх жилүүдээс нэмэгдсэн үү,  тэр дундаас аль тасагт хамгийн их ачаалалтай байна вэ?

    -Эх,хүүхдийн эрүүл мэндийн төв нь чиглэл бүрээр нэг тасаг, нийт 44 тасагтай. Сүүлийн жилүүдэд хүн ам хурдацтай өссөн болон хотын төвлөрөлтэй холбоотойгоор ачаалалт  үнэхээр нэмэгдсэн. Тасаг бүр тодорхой хувиар илүү ачаалалтай байдаг боловч эдгээрээс нярайн тусламж үйлчилгээ болон хүүхдийн ерөнхий мэс заслын тасгууд хамгийн өндөр ачаалалтай байдаг.

    Нярайн эмгэг судлал, эрчимт эмчилгээ, дутуу нярайн эрчимт эмчилгээ зэрэг дөрвөн тасаг ажилладаг. Ачаалал нь дандаа 150-200 хувьтай байна. Нярайн эмгэг судлалын тасаг гэхэд 45 ортой хирнээ өдөрт 90-120 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн газраас гурван жилийн өмнө амаржих газрын нярайн тасгуудыг өргөжүүлэх оролдлого хийсэн боловч нярай хүүхэд төрчихөөд,буцаад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болоход амаржих газар хэвтэж болдоггүй.  Ийм шалтгааны улмаас гурван төрөх дээр нээсэн нярайн эмгэг судлалын тасаг амьдрал дээр ачааллыг хуваалцаж чадахгүй байгаа. Ирсэн нярай бүрт шаардлагатай тусламж, үйлчилгээг нь үзүүлээд явж байгаа ч яахын аргагүй хүчин чадал хүрэлцэхгүй байна. Хүүхдийн ерөнхий мэс заслыг зөвхөн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв дээр хийдэг. Энэ тасаг нь 53 ортой болохоор ор хүрэлцэхгүй байгаа учраас өдрөөр мэс засал хийгээд, хэвтүүлэхгүй гаргах гэсэн ачааллыг бууруулах оролдлогыг хийж байгаа.  Ачаалал ихтэй байхаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдалд асуудал дагуулдаг учраас дүүргийн эмнэлгүүдэд дээрх хоёр чиглэлээр тасаг биш юмаа гэхэд ядаж кабинет нээх хэрэгтэй.

    -Хүүхдүүдийн дунд ямар төрлийн өвчлөл хамгийн өндөр байна вэ?

    – Хүн амын өсөлтт, хотын хэт төвлөрөлтэй холбоотойгоор өвчлөлүүд тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Жишээлбэл, 2009 онд арьсан доорх өвчлөл, хатиг, буглаагаар жилд 300 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан байдаг. Яг 10 жилийн дараа нэг жилд л гэхэд 3200 хүүхэд зөвхөн хатиг, буглаагаар хэвтэн эмчлүүлж байна. Хатиг,буглаа нь олон шалтгаантай боловч гол нь нянгийн халдвар. Хүмүүсийн амьдралын орчин, ариун цэвэртэй салшгүй холбоотой. Жилийн 7-9 саруудад хатигийн өвчлөл хамгийн өндөр байдаг. 10 жилийн өмнө 300 орчим тохиолдож байсан хатиг одоо 10 дахин нэмэгдчихсэн үзүүлэлттэй байна.

    -Өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан  “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн”-өөс энэ жилийн томуугийн улиралд баримтлах ямар бодлого, зөвлөгөө гарсан бэ?

    -Ер нь л томуугийн бэлэн байдлыг хангахад илүү сайн анхаарах хэрэгтэй гээд байгаа. Бэлэн байдлыг хангана гэдэг нь урьдчилан сэргийлэх. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх нь дотроо өвөрмөц бус болон өвөрмөц гэсэн төрлүүдтэй.  Өвөрмөц бус сэргийлэлт нь хүн өөрийнхөө төлөө хийж чадах, биеэ эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, сэрүүний улиралд дулаан хувцаслах, гараа угааж хэвшихийг харин өвөрмөц гэдэг нь томуугийн эсрэг вакциныг хугацаа алдалгүй оруулж ирэх, эмзэг бүлгийн хүмүүсээ вакцинжуулалт хамруулах зэрэг багтдаг.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхийн тулд хүн амынхаа 40 хувийг вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй гэдэг.

    375 мянган хүн тун вакцин орж ирсэн 2017 оны хувьд томуугийн халдвар, өвчлөл үнэхээр бага байсан. Гэтэл өнгөрсөн жил оруулж ирсэн 125 мянган хүн тун вакцин хаанаа ч хүрээгүй. Энэ жилийн хувьд наймдугаар сард хийгдсэн зөвлөгөөний дүнд томуугийн вакцины хангамж нилээн сайжрана. Энэ жилийн хувьд 400-500 мянган хүн тун вакцины захиалга хийгдсэн байгаа. Бага насны хүүхдийн оношилгоо эмчилгээний удирдамжийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвөөс гаргасны дагуу эмнэлгүүд шинэ удирдамжийн дагуу тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Бага насны хүүхдийн оношилгоо эмчилгээний удирдамж аравдугаар сарын 1 гэхэд шинэчлэгдсэн байна.  Мөн энэ зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагууд байраа дулаалах, өвчлөл ихэссэн үед аль тасгаа хаагаад, нэмэлт ор ажиллуулах уу гэсэн бэлэн байдлын төлөвлөгөөг гаргах хэрэгтэй гэсэн зөвлөмж гарсан.

    -Томуугийн эсрэг вакцин хэзээнээс хийгдэж эхлэх вэ?

    -Одоо хийгдээд эхэлчихсэн байх. Бидний хувьд вакцин бус оношилгоо, эмчилгээндээ төвлөрдөг. Харин зөвшөөрөл авсан компаниуд оруулж ирээд хийж байгаа гэсэн сураг байсан. Вакцины хангамжийн асуудлыг ХӨСҮТ,ЭМЯ хариуцдаг.

    Энэ талаар ХӨСҮТ-өөс тодруулахад “10 дугаар сарын эхнээс эхэлнэ, яг тодорхой болоогүй байна” гэсэн юм.

    -Хүүхэд, багачууд томуугаар өвчлөх, улмаар хүндрэх тохиолдол ихээр гардаг нь эцэг, эхийн хараа, хяналт муугаас болдог гэсэн шүүмжлэл дагуулдаг. Бодит байдал дээр үнэхээр тийм байна уу?

    -Зөвхөн томуу, томуу төст өвчлөл дээр ч биш ер нь тийм тохиолдол битгий гараасай л гэж хүсч байна. Манай дээр нэг настай хүүхэд хүнд өвчний улмаас эмчлэгдээд, одоо удахгүй гарах гэж байна. Яасан бэ гэхээр, амаржих газраас гарснаас хойш нэг ч вакцинд хамрагдаагүй, өөрөөр хэлбэл эцэг, эх нь хамруулаагүй. Хүнд халдварт өвчин дэгдэхэд вакцины хамгаалалтгүй байна гэсэн үг. Тэр жаахан хүүхдийн өмнөөс аливаа шийдвэрийг эцэг, эх нь гаргаж байгаа.Олон улсын Хүний эрхийн конвенцид хэрвээ хүүхдээ хамрагдах ёстой үзлэг, шинжилгээ, эрүүлжүүлэх арга хэмжээнд эцэг, эх нь хамруулаагүй бол эцэг, эхэд нь хариуцлага тооцох заалт ч бий. Харамсалтай нь манай зарим эцэг, эхчүүдийн үнэн бодит байдал тийм байна.

    -Эцэг, эхчүүд хүүхдээ томуу, томуу төст өвчин тусахаас хэрхэн сэргийлж болох вэ?

    -Зуны цагт л биеийг нь эрүүлжүүлж, чийрэгжүүлэх хэрэгтэй. Хүүхэд гэлтгүй том хүн ч гэсэн зуны цагт нарны гэрлийг арьсан дээрээ тусгаж байж витамин Д2 үүсээд тэр нь ясан дээр очихоороо Д3 болж сууна. Гэтэл манай иргэд хэдэн цагийн нар хамгийн ашигтай байдаг вэ гэдгээ ч мэдэхгүй байна. 9-11 цаг хүртэлх нар хамгийн аюулгүй, витамин Д үүсэхэд хамгийн сайн нөлөөлдөг.  Наранд байлгана гэдэг нь хүүхдийнхээ хувцасгүйгээр, арьсан дээр нь нарны гэрэл тусах ёстой гэдгийг л ойлгохгүй байна. Энэ бол цэвэр хүний хөгжлийн асуудал.

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ