• Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг ирэх хавраас эхлүүлж, экологийн цагдаагийн алба байгуулна

    Засгийн газрын өнөөдрийн хуралдааны талаар  Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч  мэдээлэл хийлээ. 

    Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар бичил уурхайн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргалаа.   Бичил уурхай эрхлэх зөвшөөрлийг  орон нутгийн Засаг дарга нар өгдөг. Гэхдээ  хууль бус гэрээнүүд байгаа учраас яаралтай цуцалж, хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг ЗГ-ын зүгээс үүрэг болгож байна.

    Бичил уурхайгаас хууль бусаар  ашигт малтмалын олборлолт хийсэн талбайг  нөхөн сэргээх ажил үргэлжилж байна. Үүнийг шалгаж тогтоож хүлээж авахыг холбогдох сайд дарга нарт үүрэг болгосон. Мөн дүгнэлтгүй талбайд ашигт малтмалын олборлолт явуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж эхэлсэн. Хяналтаа эрчимжүүлэхийг Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллагад үүрэг  болгоод байна.

    Та бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу хууль бус уул уурхайг цэгцлэх ажлыг эрчимтэй хийж байна. Өчигдөр БОАЖ-ын сайд  Н.Цэрэнбатаар  ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Архангай, Сэлэнгэ аймагт гэнэтийн шалгалт хийгээд ирлээ. Архангай аймагт сар хүрэхгүй хугацааны өмнө 10 гаруй ААН-ийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. 410 га газар сүйдсэн байсныг техникийн нөхөн сэргээлт хийж эхлээд байна.  Сүйтгэчихээд эзэн холбогдогч нь олддоггүй  явдал 30 шахам жил үргэлжиллээ. Энэ асуудалд одоо цэг тавихаар зорьж байна.

    Одоо гэхэд  нинжа нар сүйтгэсэн гэх шалтгаанаар  эзэн холбогдогч нь олдохгүй нийтдээ 9300 га  газар байна.  Нэг га-г нь 20 сая төгрөгөөр нөхөн сэргээнэ гэх юм бол улсын хэмжээнд эхний удаад 180 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоог гаргаад байна. Энэ дагуу эзэн холбогдогчийг нь олж тогтоож  нөхөн сэргээхэд шаардлагатай хөрөнгө санхүүг  гаргах, эрүүгийн хэрэг үүсгэх  ажлыг хийж байна.

    Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу хийж байгаа өөр нэг томоохон ажил бол  Монгол Улсын хэмжээгээр олгосон 2889 хайгуулын болон ашиглалтын лицензийг шалгах ажлыг шадар сайдаар  ахлуулсан ажлын хэсэг  хийж байна. Одоогийн байдлаар ашиглалтын бүх лицензийг шалгаж дуусаад байна.

    Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд лиценз шалгаж байгаа нь төрийн хүнд суртал бус  хууль журам зөрчиж олгогдсон эсэх, эсвэл хэн нэг улс төрчийн давуу эрхээр олгогдсон уу гэхчлэн үндсэн асуудлыг нь шалгаж тогтоож байгаа юм.

    Өмнөговийн  Тост Тосонбумбын нурууны  хоёр баянбүрдийн нэгийг улсын тусгай хамгаалалтаас гаргаад олборлолт явуулж байсныг зогсоосон. Мөн Архангайн Цэнхэр сум, Сэлэнгэ аймагт усан сан бүрэлдэх газарт  олборлолт явуулж байсныг зогсоогоод байна.  Өчигдрийн байдлаар  хууль бусаар олборлолт хийж байсан 49 хүнийг баривчилж саатуулаад байна.

    Түүнчлэн экологийн цагдаагийн албыг 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, 2020 оны төсөвт тусгахаар болж байна.

    Дараагийн онцлох асуудал гэвэл Эрдэнэбүрэнгийн УЦС  барих  28 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах  асуудлыг тогтлоо. Ерөнхий сайд энэ асуудлаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд газар дээр нь  хоёр ч удаа очиж байсан.

    Ховдын Эрдэнэбүрэнгийн  УЦС байгуулах  ажлын ТЭЗҮ хийгдэж дууссан.  Нийтдээ 288,5 сая ам.доллараар босох төсөл. Үүний 95 орчим хувийг нь  2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж гадны хөрөнгө оруулалтаар  санхүүжүүлэхээр тогтсон. Үлдсэн 14 сая  ам долларыг төсвөөс гаргана.

    Төслийн ач холбогдол гэвэл, баруун таван аймаг 390 мянга орчим хүн амтай.  Үйлдвэрлэл үйлчилгээг тэлэх, мах ноосны үйлдвэрлэл байгуулах, Асгатын мөнгөний орд, Их нууруудын хотгорын нефть,  Хөшөөтийн уурхай, Халзанбүргэдтэйн ховор металл зэрэг томоохон үйлдвэр эрчим хүчний хүрэлцээгүйгээс бүтээн байгуулалт болж чадахгүй байгаа.  Цахилгаан эрчим хүчний хангамж нь хоёр хөршөөс хамааралтай. Дөргөний  усан цахилгаан станцын өртөгтэй харьцуулах юм бол 5-6 дахин өндөр үнэтэй эрчим хүчийг импортоор авч хэрэглэж байгаа юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд  Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 3-4 жилийн хугацаанд барьж байгуулахаар ирэх хавраас ажлыг нь эхлүүлэхээр болж байна.

    Гурав дахь асуудал нь Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуульд нэмэлт оруулж, шинэчлэн найруулж УИХ-д өргөн барихаар болж байна. Давхардал их байдаг. Үүнийг цэгцэлж байна.

    Мөн  хуулинд цахим худалдан авалтаас үүдэлтэй хэрэглэгчдийн эрх зөрчигдөх асуудал их байдаг.  Үүнд хариуцлагыг нь суулгаж, цахим худалдаанд оролцож байгаа хэрэглэгчдийн  эрхийг хамгаалах заалт оруулж байна” гэлээ. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ