“Дүнжингарав”-ын удирдлага түрээсээ 995 мянгад хүргэснээс түрээслэгчид жагслаа

Дүнжингарав худалдааны төвийн удирдлагууд түрээсийн төлбөрийг гэнэтийн байдлаар огцом нэмж, түрээслэгчдээ хүнд байдалд оруулжээ. Дүнжингарав компани өмнө нь түрээсийн төлбөрийг 350 мянгаас 495 мянган төгрөг болгон нэмсэн аж. Харин энэ удаа 995 мянган төгрөг болгон  дахин нэмлээ.

Дүнжингарав компанийн хувьцаа эзэмшигчдийн 08 дугаар сарын 25-ны ээлжит хурлын шийдвэрээр түрээсийн төлбөрийг 495 000 төгрөгөөс 995 000 төгрөг болгон нэмжээ. Тухайн хурлын энэ шийдвэрийг түрээслэгчдэд өчигдөр танилцуулсан байна.

Ингэхдээ 09 дүгээр сарын 25-ны дотор түрээсийн гэрээг шинэчлэн хийж, нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй бол лангуугаа чөлөөлж, гарахыг сануулжээ. Түрээсийн төлбөрийг ингэж огцом их хэмжээгээр нэмсэнээ Дүнжингарав худалдааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилго шаардлагын үүднээс хэмээн тайлбарлажээ. Мөн ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлын нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь түрээсийн төлбөрийн нэмэгдэлд нөлөөлсөн гэнэ.

Тиймээс үүнийг нь эсэргүүцэж өнөөдөр тус захын  түрээслэгчид жагсаал цуглаан зохион байгууллаа. Тэд хэлэхдээ “ Түрээслэгчдэд түрээсийн төлбөрийг нэмсэн шийдвэрээ сарын өмнө танилцуулах ёстой. Иргэдийн худалдан авах чадвар муудсан байхад түрээслэгчид бид ийм их хэмжээний түрээсийн төлбөр төлөх боломжгүй. Түүнчлэн дэргэд нь Имарт худалдааны төв нээгдсэнээр Дүнжингарав худалдааны төвийн борлуулалт эрс буурсан” хэмээж байлаа.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ