• Л.Чинбат хадган дээр тамга, гэрчилгээгээ тавиад Б.Бат-Эрдэнэ аваргад барьснаар МҮБХ-ны зөрчил тэмцэл дуусах уу

    Монголын үндэсний бөхийн холбоо нэг боллоо хэмээн “Гачуурт”-ын Л.Чинбат Б.Бат-Эрдэнэ аваргад хадган дээр тамгаа тавиад өгч байна.

    Тэрбээр энэ тухай бичлэгээ твиттерт оруулж “Үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавьлаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!” хэмээлээ.

    Гэвч Үндэсний бөхийн холбооны талцал хуваагдал үүгээр дуусна гэдэгт итгэх хүн ховор байна. Учир нь Л.Чинбатыг МҮБХ-ны хуваагдал тэмцэл рүү орж ирэхээс олон жилийн өмнө тус холбооны бөхчүүд нь хуваагдчихсан.

    Хэдий одоо холбооныхоо тамга, гэрчилгээг Б.Бат-Эрдэнэ аварга авлаа ч эсрэг талд нь байгаа Х.Баянмөнх, түүний хүргэн А.Сүхбат аваргууд тэдний талынхан уг асуудалд хэрхэн хандаж байгаа бол. Тухайлахад улсын арслан Мөнх-Эрдэнэ, улсын заан Ганболд, улсын начин, уяач Дуламсүрэн тэргүүтнийг хэлж байна л даа.

    Монголын Үндэсний бөхчүүдийн хуваагдал тэмцэл 1990-ээд оноос эхэлсэн. Харин энэхүү хуваагдад, тэмцлийн үрийг тэртээ 1970-аад онд тарьсан байдаг. Учир нь тэр үеэс хоёр Мөнхийн буюу халх, дөрвөдийн хэмээх хачин “тэмцэл” үүсч байсан.

    Тэгвэл Л.Чинбат хэмээх бизнесч бизнесийн нүдээр харсан уу, эсэхүл үнэхээр монгол бөхийг эвлэрүүлэх гэсэн үү юутай ч тамга, тэмдэгээ өглөө.

    Гэхдээ тамга, бичиг баримт өглөө гээд бөхчүүдийн хуваагдал өргөс авсан мэт байхгүй болно гэдэгт итгэхэд хэцүү л байна. Мөн монгол бөх дэх допингийн асуудлаас эхлээд хагаралдуулах асуудал цаана нь зөндөө байна.

    Эдгээрийг Б.Бат-Эрдэнэ аварга шийдэж чадах уу гээд яривал ихийг ярьж болно. Гэхдээ харж л байя.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ