• Монголчуудын уламжлалт мэдлэгт суурилсан шинжлэх ухааны аргачлалыг МУИС Токиогийн их сургуультай хамтран практикт нэвтрүүлнэ

    Японы Шинжлэх ухаан, технологийн агентлагаас хэрэгжүүлдэг САТРЕПС/Тогтвортой хөгжлийн төлөөх шинжлэх ухаан,технологийн түншлэл/ хөтөлбөрт МУИС-ийн профессор Ж.Батхүү болон Токиогийн их сургуулийн профессор Т.Асами нарын хамтарсан “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” төсөл шалгарчээ. Зөвхөн энэ төрөлд л гэхэд нийт 42 төсөл материалаа ирүүлсэн байна.

    Энэхүү төсөл нь САТРЕПС хөтөлбөрийн хүрээнд Монголд хэрэгжихээр сонгогдсон хоёр дахь шинжлэх ухааны төсөл юм. Өнөөдөр хоёр талын төлөөлөгчид  төслийн хамгийн эхний шат болох хурлын протоколд гарын үсэг зурж баталгаажууллаа. МУИС-ын захирал Я.Төмөрбаатарын хэлснээр ирэх оны нэгдүгээр сард төслийг гардан хэрэгжүүлэх МУИС,Токио их сургуулиудын хоорондын гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор эхлэх юм.
    САТРЕПС хөтөлбөр нь шинжлэх ухааны судалгааны үр дүнг бодит амьдралд хэрэгжүүлэх гэсэн гол зорилготой ажилладаг. Харин таван жилийн хугацаанд хэрэгжих дээрх төслийн хувьд нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэг дээр суурилсан шинжлэх ухааны арга, аргачлалыг  бэлчээрийн доройтлыг арилгах, нөхөн сэргээх практикт нэвтрүүлэх ач холбогдолтой юм.

    Японы талын зардлыг Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг, Монголд хийгдэх судалгааны зардлыг ЖАЙКА байгууллага санхүүжүүлнэ. Хоёр талын нэг жилийн санхүүжилтийн дээд хэмжээ нийт 1.4 тэрбум төгрөг байна.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ