• У.Хүрэлсүх: Жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байна

    Төрийн ордонд “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр  болж байна.  Энэхүү уулзалтыг Монголын эмэгтэйчүүдийн холбооноос санаачлан зохион байгуулж байна.

    Олон улсын энэ  уулзалтын зорилго нь эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засаг дахь оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцох  явдал юм.

    “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтад аймаг, нийслэл, сум, дүүрэг болон гадаадын 10 гаруй орны 1000 гаруй төлөөлөгч, зочин оролцож байна. Чуулга уулзалт гурван өдөр үргэлжлэх юм.

    Чуулга уулзалтаар “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

    Энэхүү чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож  төлөөлөгч, зочдод амжилт хүслээ.

    Тэрбээр улс орны хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих нь өөрчлөгдөж, хүчирхийллээс ангид байх, эмэгтэйчүүдийн эрх болон жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байгааг тэмдэглэв. Мөн “Охид, эмэгтэйчүүдээ ажил орлоготой, айх аюулгүй, сайхан амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэхийн төлөө төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа Монголын эмэгтэйчүүдийн холбоотой нягт хамтран ажиллана” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ