• Ээлжит бус сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамт арваннэгдүгээр сард явуулах боломжгүй

    Эрх баригч МАН-ыг энэ удаагийн УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль хийхээр гишүүдээсээ гарын үсэг цуглуулж байгаа тухай яригдаж байна.

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусган, Ард нийтийн санал асуулгыг ирэх 10 дугаар сарын 30, 31-нд явуулах шийдвэр гаргаад байна.

    Үүнтэй зэрэгцээд УИХ-д 64 суудалтай МАН ээлжит бус сонгууль хийх гэж байна хэмээн сөрөг хүчин болох АН-ын гишүүд ярих болов.

    Хэдий УИХ дахь МАН-ын бүлгийн даргын албан бланкан дээр гарын үсэг зуруулж байгаа ч 40 гараад гарын үсэг зурж бүрэн эрхээсээ татгалзах гишүүд олдохоо больсон хэмээн мэдээлж байна. Уг нь 10-аад гишүүн намаас тойрог, нэр дэвших эрх өгвөл уг асуудлыг дэмжихээ амлаад байгаа тухай МАН-ын гишүүд ч ярих болоод байна.

    Хэрвээ үнэхээр ийм байдалд хүрч УИХ тарах шийдвэрийг 50 гаруй гишүүд дэмжиж байгаа бол тарахаас өөр аргагүй нь.

    Тэгвэл УИХ тарах асуудлын талаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2-т ийн заажээ.

    2.Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно. Ийнхүү тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ эдэлнэ.

    Харин Ээлжит бус сонгуулийн тухай, сонгуулийн тухай хуульд:

    8.4.Ээлжит бус сонгууль гэж ээлжит сонгуулийн хугацаанаас өмнө явагдах сонгуулийг хэлнэ.

    8.5.Ээлжит бус сонгууль дараах тохиолдолд явагдана гэж заажээ.

    8.5.1.Улсын Их Хурлын бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусгавар болсон;

    17 дугаар зүйл. Ээлжит бус сонгууль товлон зарлах:

    17.1.Улсын Их Хурал болон Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө ээлжит бус сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.

    Өнгөрсөн жил болон энэ оны эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр ч удаа УИХ-ыг тарахыг шаардаж байлаа. Мөн АН УИХ-д бүлэгтэй байх үедээ өөрөө тарах шийдвэр гаргахыг хүсч тогтоолын төсөл санаачлан, гарын үсэг цуглуулсан ч шаардлагатай дэмжлэгт хнүрч чадаагүй учир тэгсгээд чимээгүй болж билээ. АН-ын 7 гишүүн болон МАН-аас Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Х.Нямбаатар, Д.Хаянхярваа,  Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар гарын үсэг зурж байлаа.

    Харин энэ удаа УИХ-аа тараая хэмээн тэр үед АН-ын тогтоолын төсөлд мутрын үсгээ зурж явсан Д.Хаянхирваа эс эргүүцэж байгаагаа твиттерээр илэрхийлж. Ингэхдээ намаа буруутгаж байгаагаа бичсэн байна .

    Гэхдээ одоогийн сонгуулийн хуудийн дагуу Ээлжит бус сонгуулийг 11 дүгээр сард явуулах боломжгүй хэмээн хуульч О.Алтангэрэл үзэж байна. Түүнийхээр ирэх цагаан сарын орчимд л хуулийн дагуу ээлжит бус сонгууль хийх боломж гарах аж.

    Үе үеийн МАН-ын дарга нар энэ цагт У.Хүрэлсүхийн рейтингэд найдаж ээлжит бус сонгуулийг зүтгүүлж байгаа гэх. Тиймээс л ийнхүү зүтгүүлээд байгаа аж.

    Гэхдээ одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудаар бол дараагийн сонгуулийг 11 дүгээр сард явуулах боломжгүй.Учир нь төрийн албан хаагч зургаан сараас өмнө ажлаасаа чөлөөлөгдөх заалтаар л гэхэд энэ асуудал мухардалд орох юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ