“Хөөрхөн зүрх”-ийнхэн “хөөрхөн” автобусаар хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ үзүүлж эхэлжээ

Энэ сарын 16-27-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж буй “Нээлттэй хаалганы өдөр”-өөр хүүхдэд ээлтэй нэгэн төсөл нээлтээ хийлээ. Энэ бол “Хөөрхөн зүрх” ТББ-аас Гэр бүл,хүүхэд залуучуудын хөгжлийн газрын захиалгаар хийж гүйцэтгэж байгаа  “Хүүхэд хамгааллын явууллын үйлчилгээ” төсөл юм. Анх удаа хэрэгжиж байгаа энэхүү төслийн хүрээнд жирийн л байдаг автобусны дотор заслыг хүүхдэд ээлтэй, сонирхлыг нь татахуйц болгон тохижуулжээ.  Төслийн ач холбогдлын талаар “Хөөрхөн зүрх” ТББ-ын Хөтөлбөрийн менежер Ц.Ононтуултай ярилцлаа.

-“Хүүхэд хамгааллын явууллын үйлчилгээ”  төсөл нь ямар ач холбогдолтой вэ?

-Улаанбаатар хотын төв,захаар гээд өнцөг булан бүрт амьдарч байгаа бүх хүүхдүүд сэтгэл зүй, хүүхэд хамгааллын мэргэжлийн үйлчилгээ авах ёстой. Мэргэжлийн үйлчилгээг зөвхөн эрсдэлт бүлгийн эсвэл ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд авах ёстой гэж ойлгоод байдаг. Гэхдээ бодит байдал дээр хүчирхийлэлд өртөхөөс нь урьдчилан сэргийлэх, эрхийг нь таниулах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хэнд хандах, хэрхэн өөрийгөө хамгаалах зэрэг мэдлэг,мэдээллийг хүүхдүүдэд түгээх нь  хамгийн чухал. Автобуснууд маань нийслэл болон орон нутагт явж, явуулын үйлчилгээг хүүхдүүд болон эцэг, эхчүүдэд үзүүлэх юм.

-Явуулын үйлчилгээг зөвхөн хүүхдүүд авах боломжтой юу?

-Зөвхөн хүүхэд гэлтгүй, эцэг,эх,гэр бүл болон хүүхдэд төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж байгаа мэргэжилтнүүд орж ирээд зөвлөгөө авах бүрэн боломжтой. Мөн зөвхөн манай “Хөөрхөн зүрх” ТББ-аас гадна мэргэжлийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хуульч, эрүүл мэндийн болоод боловсролын ажилтнууд манай зөвлөгөө үзүүлэх багт багтсан байгаа.Анхан шатны хууль зүй болон эрүүл мэндийн зөвлөгөөнөөс авахуулаад залуу гэр бүлийн харилцаа, хүүхдийнхээ насны онцлогт хэрхэн тохируулж харьцах уу зэрэг сэтгэл зүйн зөвлөгөөг бүгдийг нь нэг дороос авах боломжтой.

-Автобусны дотор заслыг хүүхдийн сонирхлыг татахуйцаар тохижуулжээ. Анх удаа хэрэгжиж буй явуулын үйлчилгээний онцлог, давуу талуудаас дурьдвал?

-Автобусанд маань явуулын үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ зүйл нь бүгд нэг дор байгаагаараа онцлог. Мөн хамгийн гол нь мэргэшсэн, мэргэжлийн хүмүүс нийслэлийн болон орон нутгийн хүүхдүүдэд мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлэхээрээ онцлог.  Эхний ээлжинд Хэнтий, Төв аймаг, Замын-үүд, Өвөрхангай аймгуудад, цаашид үлдсэн аймгуудад жишиг байдлаар хэрэгжиж эхлэнэ.

-Гудамжаар яваад тааралдсан хүүхэд болгонд зөвлөгөө өгөөд явна гэсэн үг үү?

-Гудамжаар явна гэхээсээ илүүтэйгээр сургууль, цэцэрлэгийн гадаа нь байрлаж, хүүхэд ,эцэг,эхчүүд болоод багш нарт нь мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг өгнө гэсэн үг.

Мөн орж ирсэн хүүхдүүдэд ямар нэгэн урамшуулал өгөх талаар асуухад “Бид нар уг нь ямар нэгэн байдлаар хүүхдүүдэд урамшуулал өгмөөр л байна. Бусад байгууллагуудад манай автобусанд орж ирж байгаа хүүхдүүдэд урамшуулал болгон өгөх амттан, эсвэл магадгүй тоглоомоо хандивлах талаар хандсан байгаа. Тэдгээр байгууллагууд маань нааштай хариу өгвөл хүүхдүүдэд урамшуулал өгөх боломж маань бүрдэх байх” гэж хариулсан юм.

“Хөөрхөн зүрх” ТББ-ын хувьд энэхүү төслийг зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд жишиг болоод,цаашид дэмжлэг авах юм бол сунган хэрэгжүүлэх ажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ