Гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар жүдогийн үндэсний шигшээ багийг дасгалжуулна

Монголын жүдо бөхийн холбооны удирдлага болон Монголын жүдо бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжинням мөн шигшээ багийн нийт багш дасгалжуулагчид үүрэгт ажлаасаа огцрохоор болсноо өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.

Харин О.Балжинням аваргын оронд Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарыг томилжээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямаас ажлаа хүлээж авч байна.

Х.Болдбаатар нь 1998 онд БНСУ-ыэ Пусан хотод болсон Азийн наадмын жүдогийн 71 кг-ын жинд алт, 1997 онд Белград хотноо болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 73  кг-ын жинд хүрэл, 1996, 1997 оны самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль хүртэж байсан нэгэн үеийн шилдэг жүдоч.

Түүний авч чадаагүй олимпийн анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр түүний шавь юм.

Х.Болдбаатар нь Риогийн олимпийн циклд БНХАУ-ын жүдогийн бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар дөрвөн жил ажилласан туршлагатай. Тиймдээ ч ирэх оны Токиогийн олимпид шигшээ багаа өөрөө бүрдүүлэн оролцоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ