• У.Хүрэлсүх: Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа ажлаа хийвэл хий, хийхгүй бол улсад бүү гай бол

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейн архитекторуудтай өнөөдөр уулзаж төсөл макеттай танилцлаа.

    У.Хүрэлсүх:

    Бид сүүлийн 30 жил дан уул уурхай ярьсан. Яаж газар ухаж алт олох вэ, яаж мөнгөтэй болох вэ гэж. Мэдээж ярих ёстой байх. Гэтэл соёл урлаг,соён гэгээрүүлэх ажлыг мартчихсан. Монголын ард түмэн битгий хэл гадаадууд ирээд үзэж харах юм юу ч байхгүй. Цонжинболдогоос өөр юм байхгүй. Баруун тийшээ явбал Хархорин орж байгаа байх. 300-400 км газар донсолж муу замаар давхисаар байгаад очоод хуучны нэг хот үзэж байгаа. Тийм учраас Засгийн газраас барьж байгаа бодлого бол ард түмнээ соён гэгээрүүлэх, түүх дурсгалаа олон түмэнд таниулах энэ ажилд анхаарлаа хандуулна.

    Эхний ээлжинд дөрвөн бүтээн байгуулалт ашиглалтад оруулна. Нэгдүгээрт, Чингис хааны музей. Энэ музей Байгалийн түүхийн музейн суурин дээр баригдана. Хоёрт, Байгалийн түүхийн музей. Их тэнгэрийн аманд ашиглалтад орно. Ажил нь эхлээд явж байгаа. Удахгүй танилцуулна. Гуравт Үндэсний урлагийн их театр, дөрөвт номын сан. Хөрөнгө нь 2020 оны төсөвт сууна. Ирэх жилээс энэ ажлууд эхлээд нэгээс хоёр жилийн хугацаанд ашиглалтад ороод үйл ажиллагаа нь эхэлнэ. Үүний дараа дахиад гурван зүйлийг янзална. Юу вэ гэвэл дуурь бүжгийн эрдмийн театр, драмын театр, төв номын сан. Зураг төслийнх нь мөнгийг гаргаад өгчихсөн. 1,2 тэрбум төгрөг. Энэ гурван барилгыг гурвууланг нь буулгаад, оронд нь яг одоо байгаа шиг дүр төрхтэй шинэ театр барина. Ингээд түүх соёл руу, музей театр руугаа анхаарал тавьж байна.

    Мөн стадион баригдана. Ирэх жилийн төсөвт мөнгө нь сууна. 30 мянган суудалтай битүү стадион байгуулна гэж зорьж байна. Одоо байгаа стадион 12 мянган хүний суудалтай. Үүнийг хоёр дахин нэмнэ гэсэн үг.

    Түүнчлэн аж ахуй нэгжүүдтэй хамтраад өвлийн спортын ордон, хөл бөмбөгийн талбай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын ордон баригдана. Ирэх тав, арван жилд бид үүнийг хийж дуусгая. Одоо ажлаа хиймээр байна. Улс төрийн хэрүүл тэмцлээ болъё. АН, МАН гэж хуваагдаж хэрэлдсээр байтал энэ улс орон хөгжсөнгүй. Улс төрийн намд байгаа хулгайч нараа цэвэрлэе. Тийм сонгууль болоостой гэж хүсч байна. Төрөө цэвэрлэцгээе. Улс орондоо юм хийж бүтээе. Үүний төлөө хамтарч ажиллая гэж уриалж байна” гэв.

    Мөн энэ үеэр Үндэсний урлагийн их театрын макет Ерөнхий сайдыг бухимдахад хүргэв. Тэрбээр “Засгийн газар бүх асуудлыг шийдвэрлэсэн. Мөнгө төгрөг, газрын маргаан, хэрүүл маргаантай байгаа бүх асуудлыг шийдсэн. Нураад унаж байгаа музей дээр Улсын Ерөнхий сайд өөрөө очиж үзсэн. Асуудлыг чинь шийдээд байхад та нар яагаад ажиллахгүй байгаа юм. Та нар ажил хийвэл хий. Хийхгүй бол боль. Та нарын цаана гадаадад сургуульд төгссөн залуучууд төрдөө зүтгэе, ажил хийе гээд байж л байна. Энд битгий буг болоод суугаад бай. Ажил хийж чадахгүй бол монголын төрөөс зайлцгаа. 11 сараас хойш энэ зургийн компанитай яагаад ажиллахгүй байгаа юм бэ? Соёл урлагийн үндэсний театр хийгээд тавьчихсан макетаа хар, Цогтгэрэл ээ. Битгий доромжлоод байгаарай. Сургуулийн сурагч ч ийм макет өгөхгүй. Чингис хааны музей шиг макет хийчхэж болохгүй байна уу? Энэ асуудлаар олон удаа хэлж, сануулсан. Ё.Баатарбилэг сайдаа, Г.Ганбаяр дэд сайдаа. Ажлаа хийвэл хий. Хийхгүй бол улсад бүү гай бол. Монголын хөгжлийн түүхэнд гай битгий бол. Цаашид төсөл хөтөлбөрүүдийг ийм байдалтай удирдах уу Г.Ганбаяраа” гэв.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ