Н.Цэрэнбат: Ноён уулыг дархан цаазат газрын ангилалд оруулж статусыг нь ахиулна

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ.

Засгийн газрын хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулыг дархан газрын ангилалд авах асуудлыг хэлэлцлээ.  Үүнтэй холбоотойгоор 12 тусгай зөвшөөрлийн асуудал яригдаж байгаа аж.

Анх 1995 онд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 16 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад  нийт 21620 га газрыг авсан байдаг. Гэсэн хэдий ч энэ бүс нутагт 12 лиценз олгогдсон. Үүнтэй уялдан Монгол Улсын Засгийн газрын 8 сарын 14-ний өдрийн 320 дугаар тогтоолоор батлагдсан Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэгт Ноён уул орчимд олгогдсон тусгай зөвшөөрлүүд, бүрдүүлсэн материалууд, лиценз олголтод хууль бус үйлдэл гарсан эсэхийг шалгахыг даалгасан байсан гэдгийг хэлье.

-Хичнээн аж ахуйн нэгжид лиценз олгогдсон байсан бэ?

-Энэ бүс нутагт “Сентеррагоулд”, “Гацуурт” зэрэг нийт 5 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгогдсон. 1995 онд  орон нутгийн тусгай хамгаалалтад авчихсан байхад ингэж лиценз давхардаж олгосон асуудал гарч  байгаа юм. Бидэнд байгаа Иргэдийн хурлын мэдээ материалаас харахад  хууль зөрчиж лиценз олгогдсон байх магадлалтай.  Үүнийг хууль хяналтын байгууллагад  шалгуулна.

-Урьдчилсан байдлаар байгаль орчинд ямар хэмжээний хохирол учирсан гэж тооцож байгаа вэ?

-Ноён уул орчмын бүсийн дархан цаазат газрын ангилал, статусыг нь нэмэгдүүлэх гэж байна.  Тиймээс тухайн байгаль орчинд учирсан хохирлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж, тогтоож нөхөн төлүүлэх асуудал яригдана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ