Ч.Хүрэлбаатар: Хуучин бичлэг дэлгэгдсэн ч бидэнд хамаагүй гэхгүй, гааль дээр байгаа хээл хахуулийг бүрмөсөн таслан зогсоох ёстой

2019-09-10

Гаалийн байцаагчийн авлига авч байгаа бичлэгийг АТГ-аас өнөөдөр дэлгэсэн. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийллээ.

Ч.Хүрэлбаатар:

АТГ-аас 2016 оны дөрөвдүгээр сар буюу Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн бичлэгийг дэлгэсэн байна. Асуудал байгаа гэвэл байгаа. Гашуунсухайтын боомтуудаар их хэмжээний нүүрс хүртэл хулгайгаар гарч байсныг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс Гаалийн боомтын шинэчлэлийг Засгийн газар дээрээ ярьж байгаад тодорхой ажлууд эхлүүлсэн. Тодруулбал Замын-Үүдийн боомтыг бүрэн шинэчилсэн.

Энэ есдүгээр сардаа багтаагаад Гашуунсухайтын боомтын шинэчлэлийн асуудлыг бас эхлүүлнэ. Мөн Алтанбулагийн боомтыг шинэчилж эхэлнэ. Ямар ажил хийх вэ гэхээр бүх машиныг рентгэнээр, цагт  150 орчим машин нэвтэрдэг байдлаар хил гардаг болгоно.

Гарч байгаа нүүрс баялгаа ямар чанартайг бид мэддэггүй. Гаалийн байцаагч дээр нь гараад төмрөөр хатгаж үзээд гаргаж байгаа. Харин одоо нүүрснээсээ дээж авдаг, орчин үеийн технологиор чанарыг нь тодорхойлдог болно. Үүнээс гадна бүрэн камержуулж байна. Ингэснээрээ хууль бус үйлдлүүдийг зогсоох, урт оочир алга болгох, иргэд аж ахуй нэгжүүд тавтай тухай, богино хугацаанд үйлчлүүлэх боломж бүрдэнэ.

Хуурамч дипломтой 20 гаруй гаалийн байцаагч байсныг хариуцлага тооцуулахаар шүүхийн шатанд өгсөн. Цаашид хариуцлага тооцуулах чиглэлээр ажиллана. Хэдийгээр хуучин бичлэг дэлгэгдсэн ч гэсэн бидэнд хамаагүй гэхгүйгээр гааль дээр байгаа хээл хахуулийн асуудлыг бүрмөсөн агуулгаар нь таслан зогсоох ёстой гэж үзэж байна. Гаалийн холбогдох хуулиудыг үндсэндээ боловсруулаад дуусч байгаа. Удахгүй УИХ-д өргөн мэдүүлнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ