Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг байх саналыг УИХ-д хүргүүлжээ

2019-09-10

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын засаглалыг бэхжүүлэх, гүйцэтгэх засаглалыг  УИХ-ын барьцаанаас гаргах зорилгоор оруулсан хэд хэдэн заалт хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжигдээгүйгээс улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд буй.

Ерөнхийлөгч Х.Баттулга  засаглалын хэлбэр ямар байхыг ард түмнээсээ асууя гэсэн санал тавьж, УИХ-д  тогтоолын төсөл хүргүүлж байгааг Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мэдээлсэн.   

Ерөнхийлөгчийн засаглалын талаар төрийн дээд түвшинд анх удаа албан ёсоор хөндөж  байгаа нь энэ байх.  Харин Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолын төсөл бус “Ард нийтийн санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулах саналыг тусгасан Е/43 тоот албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан гэж УИХ-аас мэдээлсэн.

Ерөнхийлөгчийн УИХ-д өргөн барьсан санал зөвхөн засаглалын хэлбэрээр хязгаарлагдаж байгаа юу гэвэл тийм биш.  Үндсэндээ Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хууль эрх зүйн гол харилцааг  бий болгоход чиглэжээ.

 УИХ-ын тогтоолд тусгах санал:

-Монгол Улсад Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын аль нь тохирохыг ард нийтээс асуух,

-Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг Улсын Их Хурал томилдог бус, ард түмэн сонгодог байх,

-Гүйцэтгэх засаглалыг нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч тэргүүлэх,

-Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийг нэгэн зэрэг явуулах асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Гэвч МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах боломжгүй гэж үзээд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ