• Ерөнхийлөгч Х.Баттулга өргөсөн тангаргаасаа няцав уу

    2019-09-09

    УИХ өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусаад Ард нийтийн санал асуулга явуулах замаар уг өөрчлөлтийг хийхээр тогтсон. Харин өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж 10 дугаар сарын 30-31-нд Ардын нийтийн санал асуулгыг явуулахаар тогтоод байна.

    Үүнтэй сацуу УИХ-д 7 суудал бүхий АН-ын Зөвлөл Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт оролцохгүй, саналуудаа татаж авч байгаагаа илэрхийллээ.

    Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн саналуудаа бүрэн буцаан татаж авч байгаагаа мэдэгдэн, Бүх нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрийг өөрчлөх талаар ард иргэдээсээ санал авах талаарх УИХ-ын тогтоолын төсөл боловсруулж УИХ-ын даргад хүргүүлж буйгаа мэдэгдэх нь тэр.

    Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “УИХ одоогоор нэг асуулт асууж байгаа. Үүн дээр Ерөнхийлөгч “Монгол улс цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу” гэсэн асуултыг нэмж, Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төсөлд тусгах саналыг оруулж байна гэсэн.

    Тэгвэл Ерөнхийлөгч ийм асуултыг ард түмнээс асуух эрхтэй, үгүйн тухай яригдаж байна.

    Судлаач, хуульч доктор О.Мөнхсайхан “Үндсэн хууль өөрийгөө устгах-парламентын тогтолцооноос татгалзах асуудлыг Ард нийтийн санал асуулгад оруулахыг хориглодог. Үндсэн хуулийн 68.2-оор зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр  л санал асуулга явуулж  болно” гэжээ.

    Хуульч Ж.Сүхбаатарын хувьд Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд эргэлздэгээ илэрхийлснээрээ Үндсэн хуулийн ноцтой зөрчил гаргалаа хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Click To TweetҮАБ-ын үзэл баримтлалд парламентын засаглал бүхий ардчилсан улсын замаар хөгжих тухай заасан байдаг юм.

    Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ҮАБ-ын үзэл баримтлалд эргэлзэж, Монгол Улс цаашид парламентын засаглалаар хөгжих үү, Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох уу гэсэн санал асуулга явуулья гэж байгаа нь ноцтой аж.

    Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөсөн тангараг:

     Монгол Улсын ттусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, ард түмний эрх чөлөө, Үндсэн хуулийн эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая

    Хуульч, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин ч Үндсэн хуулийн 35-ийн 1: 2 дугаар зүйлийг сануулсан байна.

    Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 1,2-т “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнана.Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж, Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүдийн дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасныг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин сануулсан юм.

    Ерөнхийдөө Х.Баттулга Ерөнхийлөгчийг өөртөө унах нүхээ бэлдчихлээ хэмээн үзэх хүмүүс олон байна. Нээрээ ч өөрөө Үндсэн хууль ёсоор тангараг өргөж, ажилдаа орсон хүн өнөөдөр түүнийгээ зөрчсөн юм яриад эхэлж байна. Засаглал солигдвол Шинэ Үндсэн хууль батлах ёстой болно. Тэгэхээр Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчих санал оруулж ирсэн нь тодорхой байна. УИХ түүнийг огцруулах хууль зүйн үндэслэлтэй болчихлоо гэж харж буй хүмүүс олон байна.

    Ерөнхийлөгчийн  бүрэн эрхийг хүлээж авахдаа Х.Баттулгын өргөсөн тангараг:

    https://www.youtube.com/watch?time_continue=249&v=p14Z7VQE22s

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ