• Ц.Цолмонбаатар: Шувууд Улаанбаатар хотын нэвт харагддаг шилэн барилгуудыг мөргөж бэртэх тохиолдол их гардаг

    Нүүдлийн болон суурин шувуудыг судлах,хамгаалахад залуу үеийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой Монгол болон Хятад улсын хамтарсан шувууны судалгаа, хамгааллын өдөрлөг өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрлөө.
    Нийслэлд бидэнтэй зэрэгцэн  9000  орчим шувуу өвөлждөг аж.

    Бид уг өдөрлөгийн үеэр Экосистемийн инженер гэгддэг минж нутагшуулах ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах Минж нутагшуулах хэлтсийн Амьтан ургамлын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Цолмонбаатартай ярилцлаа.

    -Минж нутагшуулах ажил хэр ахицтай явж байна вэ?

    -2011 онд тухайн үеийн нийслэийн удирдлагууд, Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан Туул голын усны төвшинг байгалийнх нь  аясаар сэргээх зорилготой ОХУ,Герман улсуудаас нийт 36 минж авчирч, нутагшуулах үржүүлэх төв байгуулах ажлыг эхлүүлсэн байдаг. Энэхүү ажил маань тодорхой хэмжээнд үржээд ирэхээр нь буцаагаад Туулын эхэнд тавих зорилготой. 2012-2019 оны хооронд нийт 39 минжийг Туул голын эхэнд нутагшуулаад байна.. Хамгийн сүүлд Матрын булан гэдэг газарт дөрвөн минжийг шинээр нутагшуулсан.Байгаль дээр 100-150 бүл болвол байгалийн ямар нэгэн хүчин зүйлсд өөрөө өөрийгөө аваад явах чадвартай, нөхөн сэргэх боломжтой, тогтвортой бүл үүсдэг.

    -Минжний  экосистемд оруулдаг хувь нэмэр юу вэ?

    -Минж маань өөрөө модлог ургамлаар хооллож, далд шуудуу суваг татаж усан,чийглэг орчин бүрдүүлэх замаар тухайн голын усны төвшинг нэмэгдүүлдэг амьтан. Минжийг мөн экосистемийн инженер гэж ч нэрлэдэг.

    -Улаанбаатар хотод нийт хэдэн зүйлийн шувууд аж төрдөг вэ.Өсөлт,бууралт хэр ажиглагдаж байна вэ?

    -Улаанбаатар хотод доктор Болдбаатарын 2016 онд хийсэн судалгаагаар 227 зүйлийн шувуу бүртгэгдсэн. Нийслэлийн БОГ-ын 2016-2018 онд хийсэн тооллогоор Улаанбаатар хотод нийт 41 зүйлийн 9000 шувуу өвөлждөг гэсэн дүн мэдээлэл гарсан . Гурван жилийн хугацаанд Улаанбаатар хотын шувуудын төрөл зүйл өсч байгаа. 2016 онд  27 зүйлийн 6310 шувуу тоологдсон бол 2018 онд 41 зүйлийн 9910 шувуу тоологдсон. Энэ маань нэг талаараа шувууд өсч,үржиж байгаагийн,нөгөө талаар тооллогонд хэрэглэдэг арга,аргачлал өсч байгааг харуулж байгаа.

    -Намар сэрүү орохоор бэртэж гэмтсэн байдалтай шувууд гудамжинд олддог. Бэртсэн шувууг эмчлэх, асрах ажил ер нь хийгддэг үү?

    -Нийслэлийн БОГ-аас санаачилсан Зэрлэг амьтныг асран хамгаалах төв 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Зөвхөн хөхтөн амьтад гэлтгүй гэмтэж бэртсэн шувуудын дуудлага их ирдэг. Дуудлагын дагуу бид асарч, эмчлээд, бүрэн эдгэрснийх нь дараа байгальд нь буцааж тавьдаг. Ялангуяа хавар төллөх үедээ үүрнээсээ унах байдлаар мөн намар ид нүүдлийнхээ үед Улаанбаатар хотын нэвт харагддаг шилэн барилгуудыг мөргөж бэртдэг тохиолдол ихээр гардаг.

    -Бидний мэдэхээр Гандангийн хийд дээр тагтаа шувуу олноор цуглардаг. Ер нь тагтаа,болжморын тоо толгой хэр их байна вэ?

    – Улаанбаатар хотын томоохон гол,мөрөн, Сонгинохайрхан дүүргийн авто худалдааны төвийн үүсгэмэл нууруудад хамгийн их шувууд цуглардаг. Бид нарын хэлж заншсанаар хэрээ, болжмор бол суурин газар дагаж амьдардаг зүйлүүд. Тийм ч учраас Улаанбаатар хотын нийт шувуудын дийлэнх хувийг эзэлдэг.

    -Улаанбаатар хотын экосистемийн тэнцвэрт байдал хэр байна вэ?

    -Улаанбаатар хот бол Хэнтий нурууны салбар уулс учир амьтны төрөл зүйлийн хувьд маш баян. Сөрөг нөлөө бол хотжилттой холбоотой явагддаг. Хот өдөр ирэх тусам өргөжин тэлэх тусам, зэрлэг амьтдын тархац нутаг хумигддаг.

    Экосистемийн тэнцвэрт байдлыг нь хэвээр хадгалахын тулд зэрлэг нохойн устгал, доройтсон ургамлан орчныг нөхөн сэргээх зорилгоор зөгийн аж ахуйг эхлүүлэх, тоо толгой нь ховордож байгаа халиун буга болон бор гөрөөсөнд идэж тэжээл нь дутагдсан үед  өвс, хужрыг нь тавьж өгөх хамгааллын ажлуудыг зохион байгуулж ажиллаж байна. Эдгээр ажлуудын дүнд хотын зэрлэг амьтдын тоо толгой 15-20 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ