• Танилц:Давхар дээлийг хязгаарлаж,УИХ-ыг хариуцлагажуулсан Үндсэн хуулийн төслийн чухал заалтууд энгийн тайлбараар

    2019-09-09

    УИХ Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, улмаар уг төслийг дэмжих,эсэхээр ард түмнээсээ санал асуухаар боллоо.

    УИХ-ын урт удаан хэлэлцүүлгийн дүнд яг ямар гол гол  өөрчлөлтүүдийг асуух болсон тухай энгийн тайлбартай хүргэе.

    Давхар дээлийг хязгаарлахаар болов

    УИХ-ын гишүүд  ажлаа хийж чаддаггүй байж давхар сайд хийхийг ард иргэд маш ихээр эсэргүүцдэг.Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр УИХ-ын 5 хүртэл гишүүн л сайд хийж болохоор тусгав. Өнөөдөр л гэхэд Ерөнхий сайдаас бусад бүх сайдууд УИХ-ын гишүүн. Тиймээс 5 хүртэлх сайд гэдэг давхар дээлийг хамаагүй цөөлсөн  дэвшилтэт заалт юм.

    Ерөнхий сайдыг огцруулах босгыг өндөрсгөв

    Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүдийн ердийн олонхиор огцруулдаг заалт өөрчлөгдөж, нийт гишүүдийн олонхиор огцруулах эсэхийг шийдэж байхаар болов.Энэ нь Засгийн газрын тогтвортой байдлыг хангахад чухал алхам болно.

    Ерөнхий сайдаа 30 хоногт томилж чадахгүй бол УИХ тарна

    Ерөнхий сайдыг огцруулаад дараагийн Ерөнхий сайдыг 30 хоногт томилох шаардлагыг УИХ-д Үндсэн хуулиар зааж өгөхөөр болов. Хэрвээ дараагийн Ерөнхий сайдаа 30 хоногийн дотор томилж чадахгүй бол УИХ тарахаар болов.Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд үгсэн хуйвалдаж Ерөнхий сайдыг огцруулаад, дараагийнхыг тодруулж чадахгүй бол өөрсдөө гишүүн байхаа болино гэсэн үг .Энэ нь УИХ-ыг хариуцлагатай болгож буй чухал алхам.

    Ерөнхий сайдыг томилох саналыг анх оруулснаас хойш 45 хоногт, Ерөнхий сайдыг огцруулснаас хойш шинэ Ерөнхий сайдыг 30 хоногт, эсхүл Ерөнхий сайдад итгэл үзүүлэхээс татгалзчихаад 30 хоногт тус тус Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараахаар Үндсэн хуульд зааж өгнө.  Энэ нь Ерөнхий сайдыг томилохтой холбоотой УИХ-ын үүрэг хариуцлагыг дээшлүүлж буй заалт юм.

     Eрөнхий сайд, сайдуудыг  томилоход Ерөнхийлөгчийн хэт оролцоог хязгаарлана

    Парламентын засаглал гэдэг бол парламентаасаа томилогддог хүчтэй Ерөнхий сайдтай байх тогтолцоо. Герман зэрэг засаглал нь тогтвортой улс орнуудад Ерөнхий сайд нь төсвийн болон томилгооны эрх мэдэлтэй байдаг учраас улс нь  хөгжсөн. Түүнээс бус манайх шиг Засгийн газрыг парламент ч бүрдүүлэх гээд, эсвэл Ерөнхийлөгч ч мэдэх гээд байх юм бол ёстой өөх ч биш,булчирхай ч биш л болно. Өнгөрсөн 30 жилд ингэж яваад Монгол Улс хөгжсөнгүй.

    УИХ-ын гишүүд  жалга, довны үзлээр төсвийг тарамдуулдагийг болиулна

    Засгийн газар бол улс орны хаана юу хийх ёстой, түүнд хэдэн төгрөг зарцуулахыг мэдэж УИХ-аар батлуулдаг гүйцэтгэх засаглал. Жил бүр Засгийн газар дараа жилийн төсвөө боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлдэг ч эцэст нь улсын төсвийг жалгын нэг тараагаад хаячихсан байдаг.Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр  Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг УИХ-аас  нэмэгдүүлэхийг хориглох заалт тусав.

    Ингэснээр Улсын төсвийг улсын хэмжээнд баталж, хөгжлийн концепциор төсвөө батлах боломж бүрдэнэ.

      Ерөнхийлөгчийг нэг удаа сонгоно

    Одоо бол Ерөнхийлөгчийг 45 нас хүрсэн иргэнийг нэр дэвшүүлж, дөрвөн жилийн хугацаатай хоёр удаа сонгож болдог хуультай. Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд 50 нас  хүрсэн иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор тусгав.
    Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн үндсэн бүрэн эрхийн хүрээнд нь хуулиар олгож болохоор мөн тусгав.

     УИХ-ын гишүүдийг ажлаа хийдэг болгоно

    УИХ-ын гишүүд ажлаа хийхгүй байна, хэт цөөхүүлээ хууль баталж байна гэх шүүмжлэл тасардаггүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр  УИХ-ын хууль батлах босгыг өндөрсгөж,  20-оос доошгүй гишүүн хуулийг баталдаг байсныг 39-өөс доошгүй болгон босгыг өндөрсгөхөөр тусгав.

    УИХ-ын хуралдааны өдрийг нэмнэ

    Одоо бол УИХ-ын чуулган  хагас жил тутамд 50-иас доошгүй ажлын өдөр чуулдаг.Тэгвэл чуулган хуралдах өдрийн тоог нэмэгдүүлж, 75-аас доошгүй болгон сунгана. Мөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байхаар тусгана.

     Намуудад үүрэг хүлээлгэнэ

    Намууд   дотоод ардчилалтай байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа илт тод байлгах үүргийг Үндсэн хуулиар хүлээлгэхээр болов.

    Эрх баригчид сонгууль болох үед өөрсдөдөө зориулж Сонгуулийн хууль батлахыг хориглоно

    2016 оны сонгууль болохоос хоёрхон сарын өмнө тухайн үед эрх барьж байсан АН-ынхан сонгуулийн хуулийг баталж, жижиг мажоритор тогтолцоогоор сонгууль явуулахаар болсон билээ.

    Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөлд УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн хуулийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглохоор тусгав.

    УИХ Засгийн газраа сайн хянадаг болно

    Бодлогын тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог УИХ-ын нийт гишүүний санаачилгаар заавал байгуулж, тухайн асуудлаарх бодитой дүгнэлт, мэдээллийг УИХ-ын гишүүд болон иргэдэд хүргэх боломжийг нээж өгөхөөр болов.

    Шүүхийн нэг хүнээс хэт хараат байдлыг сулруулна

    Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд зааж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх заалт тусав.
    Шүүхийн сахилгын хороог байгуулж, шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоог тогтвортой, үр нөлөөтэй болгох үндсийг тавихын зэрэгцээ ШЕЗ-ийн зүгээс уг хорооны үйл ажиллагаанд оролцохыг хязгаарлахаар болов.Өөрөөр хэлбэл, шүүхийн бөөгнөрсөн,нэг хүнээс хэт хараат байдлыг өөрчилнө.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ