• 11 жилийн өмнө Б.Наранхүүгээс мөнгө авсан тамирчид нь өнөөдөр түүнд шагнал өгчээ

    2019-09-08

    Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008 онд Монгол Улс “Бээжин-2008” олимпийн наадмаас алтан медаль хүртсэн нь түүхэндээ анх удаа Олимпийн алт авсан явдал байв.

    Тэгвэл тэр ойг өнөөдөр гэнэт дурсан санаж, санахаар барахгүй Монголын Үндэсний олимпийн хороо/МҮОХ/ тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоороо  УИХ-ын гишүүн Б.Наранхүүг шагнаж гэнэ.

    Яагаад алт авсны 11 жилийн ойг гэнэт дурсан санаж тэмдэглэв гэвэл тухайн үед “Дүнжингарав” захын эзэн байсан, одоо УИХ-ын гишүүн Б.Наранхүү “Бээжин-2008” олимпийн наадамд  амжилт  гаргаж алт авсан   Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган нарт нэг сая ам.доллар, мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаа, П.Сэрдамба нарт 500 мянган ам.доллартой тэнцэхүйц урамшуулал олгосных гэнэ.

    Өөрөөр хэлбэл, 11 жилийн өмнө Б.Наранхүүгийн тамирчдад өгсөн мөнгөний төлөө Олимпийн хороо дээд шагналаараа шагнасан юм байх. Гэхдээ тэр их мөнгийг Б.Наранхүү үнэхээр өгсөн эсэхийг хэн ч мэдэхгүй. Бас өгсөн байлаа гэхэд улсад татвар төлөгдсөн эсэхийг бүр хэн ч бүү мэд.

    Мөнөөх   шагналыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнгээс гадна мөнгө авсан тамирчид буюу МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар П.Сэрдамба нар гардуулсан гэнэ.

    Үүнийг сонгуулийн өмнөх ээлжит нэгэн арга хэмжээ гэж хүмүүс шүүмжилж байна. Учир нь 11 жилийн өмнөх явдал тэндээ л үлдсэн. Гэтэл өнөөдөр тэр тамирчдын зарим нь дарга болчихоод шагнал өгч байгаа нь утга учир муутай харагдана.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ