• Ц.Нямдорж: Тэр долоон өөрчлөлтийг хийгээгүй бол магадгүй аль хэдийнэ дарангуйлал тогтох байсан

    УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн II хэлэлцүүлгийг хийж байна. Энэ асуудлыг хэлэлцэх явцад нэлээд зөрчил тэмцэлтэй байгаа. Энэ тухай асуудлуудыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа.

    -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлэг өрнөж байна. Нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

    -Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг нам эсвэл нэг намын бүлэг хүчээр хийчихдэг юм биш. Зөвшилцлийн үндсэн дээр явагддаг зүйл. УИХ дахь АН, Ерөнхийлөгчтэй ойлголцох нь гарцаагүй. Нэгэнт ойлголцсон зүйлсээ ард түмэнд танилцуулах ёстой гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөвшилцлийн замаар явах ёстой гэдгийг бүх хүнд хэлсэн. Зөвшилцөж байж ажил, амьдралд садаа болоод байгаа заалтуудаа өөрчлөөд ав. Дахиж ийм боломж бүрдэхгүй шүү гэдгийг хэлсэн. 2000 оны дордохын долоон өөрчлөлт гээд байгаа чинь Ерөнхийлөгч эсрэг байхад нь хийчихсэн юм шүү дээ.

    Тэр үед Ардчилсан намынхан олонх байхдаа ийм үед хийхээс өөр аргагүй гэж байгаад хийсэн. Сүүлд нь Үндсэн хуулийн цэц дээр унахаар нь дахиад баталчихсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулдаг улс төрийн нөхцөл тийм амар бүрдчихдэг юм биш.

    Өнөөдрийн нөхцөлд Ардын намынхан болсон болоогүй ажиллаад, Ерөнхийлөгч төсөл, саналаа өгч наашаа хараад, Ардчилсан намынхан цөөн хэдэн санал өгөх маягаар энэ ажил явагдаж байгаа. Энэ нь зөвшилцлийн замаар явагдаж байна гэсэн үг. Зөвшилцлийн замаар явахгүй бол батлагдах боломж тун бага. Батлагдлаа ч хэрүүл шуугиан тасрахгүй.

    Дордуулсан гээд байгаа долоон өөрчлөлт дээр Ардчилсан намынхан өөрсдөө гарын үсэг зурчихсан учраас мөрдөгдөөд байгаа юм. Тэр өөрчлөлт парламентыг бий болгох, нэг хүний дарангуйллыг эсэргүүцсэн алхам байсан. Амьдрал дээр 76 гишүүн ямар аюултай байна вэ гэдгийг харсан учраас тэр долоон өөрчлөлтийг хийсэн юм. Тэр долоон өөрчлөлтийг хийсэн учраас болсон болоогүй дарангуйлалд орсонгүй. Их хурал муу нэртэй ч парламент дээрээ асуудлаа яриад байгаа санаатай юм. Тэр долоон өөрчлөлтийг хийгээгүй бол магадгүй аль хэдийнэ дарангуйлал тогтох байсан.

    -Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой шаардлагыг Хууль зүйн байнгын хорооноос Засгийн газарт хүргүүлж байгаа гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн хуульд орох нэмэлт, өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ. Таныг хав дарчихсан гээд байна шүү дээ?

    -Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хэлэлцэж байхад ийм юм хийж болохгүй гэдэг зүйлийг хэлсэн протокол маань ил болсон. Аюул болно шүү гэж хэлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа богиносоогүй. Харин ч уртассан. Ямар үг байсан бэ гэхээр “Хэрэг гарсан өдрөөс яллагдагчаар татах өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж байсныг “шүүхэд шилжих өдөр хүртэл” гэж уртасгасан юм. Яллагдагчаар татсаны дараа хамгийн багаар тооцоход шүүх дээр хоёр сар болдог.

    Чин үнэндээ хөөн хэлэлцэх хугацааг сунгачихаад байхад шүүх хуулийн байгууллагын түвшинд хийж байгаа луйвраа хаацайлахын тулд зарим хэргийг магадгүй элдэв аргаар хаахын тулд улс төрийн өдөөн хатгалаг хийгдээд байгаа. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулсан нь хууль бус. Тэр үед эрүүгийн хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулна гэж Засгийн газраас орж ирээгүй байсан юм. Хууль зүйн байнгын хороон дээр Улсын дээд шүүхийн шүүгч санал гаргаад, түүгээр санал хурааснаар олонхийн санал авч цаашаа явсан хуулийн зөрчилтэй.

    Би саналаа Засгийн газарт оруулаад Засгийн газар Их хуралд өргөн мэдүүлчихсэн байгаа. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хаах гэж байгаа бол хуулийн асуудал биш. Авлига, албан тушаал харсан луйвар тэнд байгаа шүү. Үүнийг би Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. УИХ-ын даргад нь ч хэлсэн. “Наад хөөн хэлэлцэх хугацааг багасгасан гэдэг чинь худлаа. Бүр уртасгасан байна лээ” гэдгийг тэр хүмүүст нь хэлсэн.

    -Танай нам доторх асуудал намжихгүй байсаар Засгийн газраа огцруулах хэмжээнд хүрлээ гэлцэж байна?

    -Худлаа болгонд би тайлбар өгөх юм уу. Гүтгэлэг болгонд би тайлбар өгөөд байх гэж үү. Угаасаа худлаа. Тийм асуудал огт яригдаагүй. Нам дотор асуудал үүссэн нь үнэн. Нам доторх асуудал шийдэгдсэн нь үнэн. Тэгэхээс өөр арга байхгүй, угаасаа. Энэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт бүх гишүүд ороод явж байгаа биз дээ. Энэ чинь нэг байнаа л гэсэн үг. Гадуур яригдаад байгаа элдвийн тэнэмэл яриа чинь худлаа шүү.

    Засгийн газрыг солих ямар ч дэл сул яриа гараагүй. Худлаа юм асууж байна.

    -Үндсэн хууль дээр дэмжигдээгүй зүйлийг яана гэсэн үг вэ. Бүлэг дээр шийдэгдэх юм уу?

    -Гишүүдийн бүрэн эрхийн хугацаа хэдэн жил байх, 99 гишүүний асуудлыг хэлэлцэнэ. Бүлэг дээр гарсан шийдвэрээ Их хурал дээр хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах байх. Үндсэн хууль гэдэг чинь зөвхөн нэг Их хурлын асуудал биш. Монгол төрийн асуудал болчихоод байгаа юм. Би эдэнд хэлээд байгаа, амьдралд садаа болж байгаа тэр ганц хоёр заалтаа өөрчил гэж. Ойрд ийм нөхцөл бүрдэхгүй. Дотроо асуудалгүй нам гэж дэлхийд байхгүй. Олонх цөөнхөөрөө ярьж байгаад нэг талдаа шийдэх байх.

    -Шүүх, цагдаагийн эрх мэдлийг авснаар “Хонгилын түлхүүр” шилжлээ гэсэн яриа байна?

    -Энэ яриа ортой. Би үүний эсрэг байдаг. Улс төрийн зорилгоор шүүх, цагдааг ашиглахаар яадгийг өнгөрсөн найман жилд бид үзлээ шүү дээ. Дарангуйлал тогтоох гэж байна гэж би Ц.Элбэгдоржийн талаар ярилцлага өгч байлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ