Хэнийг багтаа оруулахаа Ерөнхий сайд өөрөө мэддэг бол Ц.Даваасүрэн л лав сайд болохгүй байсан

2019-09-06

Ц.Даваасүрэн бол УИХ-ын гишүүн.Дээр нь бас сайд.Давхар дээлтэй гэсэн үг. Эрх мэдэлд хүрэх эрх ашгийн л төлөө (өөр юуны ч төлөө биш) нэгдсэн фракц, бүлэглэлийн “өлгүүрт” дүүжигнэн байж Ерөнхий сайд болохдоо У.Хүрэлсүх талдаа татан байж танхимдаа оруулсан хүмүүсийн нэг бол Ц.Даваасүрэн. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун энэ хоёр өмнөх парламентын үед байнгын  нэг сэдэв дээр хоршиж,бусдаас “ялгарсан” нь Оюутолгойн гэрээ. Гэвч тэд ярьсаар л,Оюутолгойн гэрээ  ч сайжирсангүй.

Ард түмэн буюу тэдний ярьдгаар хар масс уг гэрээг муу болсон, уул уурхайн баялгаа өөрсдөө ашиглая гэдэг учраас тэр массын дуутай хөг нийлье, ядаж л дахин дахин сонгогдоод байж магадгүй гэж бодсон шиг байгаа юм.Хамгийн гол нь амтай л бол хэн ч яриад байж чадна.Төрд сонгогчдын саналаар гарсан УИХ-ын гишүүд харин яриад байгаа зүйлийнхээ төлөө ямар нэг үйлдэл хийх ёстой ч мань хоёр хэвлэлийн бага хурлаас илүү хөдөлсөнгүй.

Дараа нь Ц.Даваасүрэн нэг юмыг эсэргүүцэх ёстой гээд ойлгочихож.Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлт. УИХ дахь МАН-ын бүлгийн 64 гишүүний хоёр нь анхнаасаа энэ өөрчлөлтийг эсэргүүцсэн нь Ц.Даваасүрэн, Ц.Мөнх-Оргил нар.Анхаасаа өөрчлөлтийг эсэргүүцэх ёстой гээд тархиндаа хийчихсэн үү, яасан бүү мэд.Сонгодог парламентын засаглалд шилжих хамгийн чухал өөрчлөлт буюу Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрх олгохыг асуудлыг ойлгодог хүмүүст бол элий балай сонсогдох  тайлбараар эсэргүүцсээр өчигдөртэй золгов.

Өчигдөр МАН-ын бүлэг хуралдаж, энэ саналыг дэмжихээр болж орой нь УИХ-ын чуулган дээр санал хураатал Ц.Мөнх-Оргил олонхио дагаж, харин Ц.Даваасүрэн хуучин байрандаа үлджээ.

Ц.Мөнх-Оргил гишүүнийг өчигдөржин нийгмийн сүлжээгээр шүүмжилж, MSC-ийн эрх ашгийг хамгааллаа гэсэн.Магадгүй хамгаалж л байгаа байх.Гэхдээ тэр шүүмжлэлийг хүлээж авч алдаагаа зассан бололтой.

Харамсалтай нь Ц.Даваасүрэн гишүүн мулгуу, муйхар юмаа ярьсаар, өчигдөр оройн санал хураалтад дахиад л эсрэг санал өгөв.Тэрээр “Парламентын засаглалтай учраас нэг хүнд хэтэрхий эрх мэдэл өгөхгүй байх нь төрийн бодлогын цөм” хэмээн ярьжээ.Хэрвээ Ерөнхий сайд өөрөө танхимын сайдуудаа мэдэж томиолдог эрх мэдэлтэй байсан бол Ц.Даваасүрэнг л лав Эрчим хүчний сайдаар тавихгүй байсан. Click To Tweet Учир нь дандаа л ямар нэг юм “эсэргүүцэж” явдаг иймэхүү   хүмүүс аливаа замбараагүйтэл,тохироо наймааны сиймхийгээр өндөр албан тушаалд очоод явдаг.

Биеэ биеэ барьцаалсан улстөр, шантааж, наймааны аргаар  Засгийн газар бүрддэг.Сайдуудыг фракц, бүлэглэлээс тодруулж, “тохироо” гэх нэрээр далд шантаажны “зэвсэгтэй” Засгийн газрын танхимд оруулдаг учраас ямар ч Ерөнхий сайд хүчтэй байж чадаагүй нь өнгөрсөн 30 жилийн эмгэнэл юм. Click To Tweet

Өөрөөр хэлбэл, Засгийн газрын бодлогыг фракц, бүлэглэлүүд барьж байгаа хэрнээ Ерөнхий сайдаас хариуцлага нэхдэг гажиг улс орны хөгжилд саад тушаа болсоор ирэв. Click To Tweet

Тийм учраас Засгийн газар багаараа ажиллах ёстой.Багаар  ажиллах боломж нь ерөөсөө л Ерөнхий сайд багтаа хэнийг авахаа өөрөө мэдэх явдал юм. Тэгэж байж Засгийн газар ажилласан шиг ажиллахаас бус өөсдөө хийх ажлыг нь заачихаад У.Хүрэлсүхийн Засгийн газар муу ажиллаж байна гэж бас нэг шантааж хийж болохгүй. Гэтэл одоо яаж байна? Бүр нэг сайд нь байж Ерөнхий сайдынхаа бодлогыг сөрөөд, ёстой нөгөө хар масстаа таалагдах “тэнэгдүү” юмаа яриад сууж байх жишээний.

Хэрвээ Ерөнхий сайд танхимдаа хэнийг авахаа өөрөө мэддэг байсан бол Ц.Даваасүрэнг л лав авахгүй байсан өөр нэг шалтгаан нь түүний муу нэр,луу данс . Click To Tweet

Түүнийг аль Сангийн яам,Боловсролын яаманд байхдаа л  тендерийн 10 хувь гээчийг жишиг болгон халаасалж сурсан гэж аль хэдэн жилийн өмнөөс хэвлэлүүд  бичсээр ирсэн. Дахин хэлэхэд хэрвээ Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх эрх мэдэлтэй байсан бол илүү сайн нэртэй, нэр хүндтэй хүнээр танхимаа бүрдүүлэх нь гарцаагүй. Тийм ч учраас Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтөөр Ерөнхий сайдад томилгооны эрх мэдлийг өгөх ёстой.

gereg.mn тоймч

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ