• Дан чипс,шарсан төмс,цагаан талх,хиамаар хооллодог байсан өсвөр насны хүү хараагүй болжээ

    Зөвхөн шарсан төмс, чипс,цагаан талхаар  хооллодог байсан нэгэн өсвөр насны хүү сайн сонсож, харахаа больж, мэргэжлийн эмчид хандахад хүрчээ. Бристолын Их сургуулийн эрдэмтэд хүүд тохиолдсон явдлыг судлан, шимт бодисгүй,түргэн хоолны дэглэм ямар хор хөнөөлтэй болохыг анхааруулж байгаа юм.

    Харааны бэрхшээлтэй болсон өсвөр насны хүүгийн хувьд  бага ангиасаа хойш л жирийн хоол идэхгүй зөвхөн Принглэс чипс, цагаан талх, утсан зайдас,хиам иддэг байжээ. Хүүд байнга ядрах мэдрэмж төрөх болсноор анх 14 настайдаа эмнэлэгт ханджээ. Тэгэхэд хүүгийн өсөлт, биеийн жингийн индекс нь хэвийн, ямар нэгэн хоол тэжээлийн дутагдлын шинж тэмдэг илрээгүй байна. Эмч нарын зүгээс хүүд B12 витамины төвшин бага байна гэж үзэж нэмэлт тунг тарих эмчилгээ хийсэн боловч жилийн дараагаас сонсгол болон харааны бэрхшээлтэй болж эхлэн, 17 настай хүү сохор болохын ирмэг дээр иржээ. Энэ үед мэргэжлийн эмч нар ч шалтгааныг нь олж тогтоож чадахгүй байв.

    Харин Бристолын анагаах ухааны сургуулийн судлаачид хүүгийн харааны бэрхшээлтэй болсон шалгааныг мэдрэлийн эсийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай тэжээлийн бодис агуулагдаагүй, буруу  хооллолтоос үүдэлтэй оптик мэдрэлийн эмгэг гэж тодорхойлжээ. Ямар ч шим тэжээл, эрдэс бодисгүй хүнсийг удаан хугацаанд хэрэглэснээр хараагүй болох дээрээ хүржээ.

    Энэ төрлийн эмгэг нь ихэвчлэн хоол боловсруулах систем нь хэвийн бусаас болж шим тэжээлээ авч чадахгүй байх,эсвэл ямар нэгэн хүчтэй эмчилгээ хийгдэж байгаа үед илэрдэг бол буруу хооллолтоос болж үүсэх нь ховор тохиолдол ажээ. Ядуурал ихтэй, дайны улмаас хоол хүнсний хомсдол бий болж, шим тэжээлийн дутагдалд орсноор мөн харааны мэдрэлийн эмгэг тохиолддог байна.

    Харин энэ тохиолдлын хувьд дан түргэн хоол, тэр дундаа чипс, шарсан төмс, хиам идэж хэрэглэдэг өсвөр насны хүү  харааны бэрхшээлтэй болсон нь хоол хүнс хүний эрүүл мэнд, хараа, сонсголын эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагаанд ямар чухал нөлөөтэй болохыг харууллаа.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ