• О.Даваасүрэн:Мал экспортлох төслийг шалтгаангүй зогсоосноос болоод 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна

    2019-09-03

    2017 оны есдүгээр сарын 27-нд Засгийн газрын 284 дүгээр тогтоолоор Малын гоц халдварт өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн урьдчилан сэргийлэх вакцин таригдаагүй малыг бэлтгэж мах экспортлох зорилгоор хорио цээрийн тусгаарлах бүс байгуулах тухай зааж өгсөн байдаг.Дараа нь мөн оны арваннэгдүгээр сарын 24-ний Засгийн газрын 318 дугаар тогтоолоор  “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац, хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй” хэмээн зааж өгсөн.

    Гэвч эдгээр тогтоолын дагуу Замын-Үүдэд байгуулагдан үйл ажиллагаагаа  эхэлсэн хорио,цээрийн тусгаарлах бүсийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ.

    Энэ талаар “Бийт Монгол” ХХК компанийн гүйцэтгэх захирал О.Даваасүрэнгийн “Eagle” телевизэд өгсөн ярилцлагаас  хүргэж байна.

    -Өнөөдрийн байдлаар асуудал ямар шатандаа явна вэ?

     –Би эхлээд энэ асуудлын талаар ярихаасаа өмнө ерөнхийдөө энэ бизнесийг  яагаад сонгосон бэ гэдэг талаар яръя. Өнөөдрийн Монгол улсын эдийн засагт ямар хэрэгтэй төсөл вэ гэдэг талаар  тодорхой тайлбар өгье. 2016-2017 оны хооронд Засгийн газрын гурван тогтоол гарсан байдаг.   2016 онд гарсан Засгийн газрын  142 дугаар  тогтоолд   Замын-Үүд, Алтанбулагт  малын гоц халдваргүй хорио цээрийн бүсийг байгуулж ажиллах талаар зааж өгсөн байдаг. Үүний дагуу 2017 оны 9-р сарын 27-ны өдрийн тогтоолоор хилийн ойр орчимд  импортлогч улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр гадаад дотоодын хөрөнгө оруулалтаар “Малын гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсийг” байгуулж ажиллах талаар тусгаж өгсөн. Уг тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг дөрвөн яам, МХЕГ-т зааж өгсөн байдаг. Дараа нь Засгийн газрын 318 тогтоол гарсан.  Уг тогтоолоор үржлийн бус бог малын 20 хүртэлх хувийг экспортлох тухай зааж өгсөн.

    Тиймээс эрх зүйн энэ таатай орчныг ашиглаж, гадна, дотноос хөрөнгө оруулалт татахаар олон бизнес эрхлэгч ажиллаж эхэлсэн байх. Би  тэдний нэг. Монгол Улс өнөөдөр  66.7 сая толгой малтай, үүнээс 57.5 сая нь бог мал байна. Ийм тоотой малаас зохих тооны малыг эдийн засгийн эргэлтэд оруулах  шаардлагатай.

    Ийм нөхцөлүүдийн үндсэн дээр манай хөршүүд хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Мэдээж хөрөнгө оруулалт хийхээс өмнө миний  эзэмшлийн “Болор гантиг” гэдэг компани Замын-Үүдээс 26 километрт нийтдээ 600 га газрыг тухайн үед төсөл сонгон шалгаруулах дуудлага худалдаанд орж, хоёр тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Уг газарт хөрөнгө оруулж, “Малын гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүс” байгуулж,  бид гурван  жил орчмын  хугацаанд  бүтээн байгуулалт хийсэн. Энэ оны гуравдугаар  сараас хойш  нийтдээ 20 гаруй мянган толгой үржлийн бус бог мал авч, тэжээж байгаа.

    Малын гоц халдварт өвчингүй хорио цээрийн бүсэд нийтдээ 45 хоног бог малыг тэжээж, эрүүлжүүлж, бордох процесс явагддаг. Click To Tweet

    Энэ ажлыг эхлүүлэхэд бидэнд тулгарсан хамгийн гол бэрхшээл бол импортлогч улсын нөхцөл шаардлагад нийцүүлэх асуудал байсан. Тиймээс Засгийн газрын тогтоолд зааснаар импортлогч улсын мэргэжлийн байгууллагын хараа хяналтан дор үйл ажиллагаа явуулж байна. Click To Tweet

    Статистик мэдээ дурдвал, Монгол улс жилдээ 10 орчим сая толгой малыг хүнсний хэрэгцээндээ хэрэглэдэг.1991 оноос өмнө Монгол улс 25 сая толгой малтай байхдаа жилд 240 мянган тонн мах экспортолдог байсан. Тэгэхэд 2017 онд 67.5 сая толгой малтай болчихоод 72 мянган тонн мах л экспортолсон. Click To Tweet

    Нийт гаргасан 72 мянган тонн махны 80 орчим хувь нь адууны мах. Яагаад адууны мах гэхээр адуу нь битүү туурайтай амьтан. Янз бүрийн шүлхий, цэцэг өвчин гэх мэт халдварт  өвчин авдаггүй учраас импортлогч улс  авах сонирхолтой байдаг. Өнөөдрийн байдлаар Монгол улс нийтдээ 14 сая толгой малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг, жилдээ 22 сая орчим төл хүлээн авдаг. Энэ хоёр тооны зөрүү 8.5 сая толгой мал байна. Click To TweetӨөрөөр хэлбэл, ийм тооны малаа нэмж эдийн засгийн эргэлтэд оруулж байж малынхаа тоо толгойг яг байгаа тоондоо барина гэсэн үг.

    Хэрвээ бид Хятад хэмээх агуу том зах зээлд  8.5 сая бог малаа нэг бүрийг  нь 300 ам.доллараар зарж чадвал  2.5 тэрбум ам.доллар олох  боломжтой.

     -Ийм үйл ажиллагаа эрхлэх асуудал зөвхөн хоёр аж ахуйн нэгжийн хийсэн ажил уу, хоёр улсын Засгийн газар тохирсон асуудал уу?

    -Сая би танд хэллээ. Үе үеийн Засгийн газрын тогтоол гарсан. Засгийн газрын 284 дүгээр тогтоолын  4 дэх хэсэгт “…импорлогч улс нь мэргэжлийн байгууллагуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр…” гэж туссан.Тэгэхээр яг энэ тохиролцох асуудал дээр хоёр  талын мэргэжлийн хяналтын байгууллага болон Хятад улсын чанар стандарт хорио цээрийн газар харилцан тохиролцсон. Импортлогч улсын нөхцөл шаардлагад нийцүүлсэн хорио цээрийн бүс байгуулах    асуудлаар хоёр  улсын Засгийн газрын комиссын хуралдаанаар Монгол улсын шадар сайдаар тэргүүлсэн ажлын хэсэг Бээжин хотод  гарын үсэг зурсан.

    Энэ асуудал тийм амар асуудал биш, ажил хэрэг болгоход ч амар байгаагүй. 2018 оны арванхоёрдугаар сард Хятад улсын Гаалийн ерөнхий газар болон Хүнс хөдөө аж ахуйн яамны экспертүүд ирж манай Хорио цээрийн бүс дээр  эрсдэлийн үнэлгээ хийгээд, зөвлөмж өгсөн.  Уг зөвлөмжийн дагуу олон улсад бас зарласан. Ингээд үйл ажиллагаа  явуулах нөхцөл бүрдсэн гэж хэлж болно.

    -Одоо нийт хэчнээн мал тэжээж байгаа вэ?

    Өнөөдрийн байдлаар Замын-Үүд дэх мал эрүүлжүүлэх бүсэд нийт 25 мянга орчим мал тэжээж байгаа. Click To TweetБид өнгөрсөн гуравдугаар сараас хойш тэжээж байна. Нэг малыг тэжээхэд өртөг хэд болох талаар нарийн задаргаа ярьж өгч болно. Бид  өдөр ирэх тусам алдагдал хүлээж байна. Хорио цээрийн бүсээр дамжуулан гаргаж байгаа малыг нядлах болон мах боловсруулах  үйлдвэрийг энэ   төслийн хүрээнд БНХАУ-ын Эрээн хот дахь  хил дээр барьсан байгаа. Бид анх  мах боловсруулах үйлдвэрийг Монголын  талд  баръя гээд саналыг хөрөнгө оруулагч талд тавьсан боловч Хятадын төрийн хяналтан дор мах боловсруулж байгаа процессыг хянана гэсэн үндсэн шаардлага тавьсан.

    -Мал амьдаар нь гаргаснаар генийн фондоо алдана гээд байгаа шүү дээ.Энэ талаар…?

    -Генетикийн асуудал яригдаж байна л даа.   Засгийн газрын 318 тогтоолын 1 дэх хэсэгт нь “Үржлийн бус бог малын 20 хүртэлх хувийг экспортлоно”  гээд заасан байгаа.   Зөвхөн эр, таваарын шинж чанартай гэсэн үг.

    Бид асар олон саад бэрхшээлийг давж байж үйл ажиллагаагаа эхлүүлээд яг малаа гаргах гэтэл амьд мал гаргахгүй гэсэн асуудал үүссэн.

    Манай хөрөнгө оруулагчид хөрөнгө босгохын тулд   янз бүрийн байдлаар мөнгө босгосон байгаа. Бид малаа авахын тулд урьдчилгаа авсан байгаа. Жишээ нь,  бид Хятадын нэг  халуун тогооны ресторанд   мах нийлүүлнэ гээд гэрээ хийчихсэн байгаа. Эндээс урьдчилгаагаа аваад малаа авчихсан. Бидний өөрсдийн   хөрөнгө оруулалт байгаагүй,  банкны зээлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл ийм хүндрэлтэй асуудлууд үүссэн.

     -Үүссэн хүндрэлтэй асуудал болон гарч буй өр төлбөрийнхөө талаар нарийн тоо хэлж болох уу?

    -Болно, энэ бол нээх нууц биш л дээ. Ерөнхийдөө бол энэ төслийн хүрээнд өнөөдөр 65 сая   орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байгаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш нийт 5 сар орчмын хугацаанд  бог мал аваад тэжээж байна. Энэ хугацаанд өдөрт нэг бог малыг тэжээхэд 3250 төгрөгийн зардал гаргаж байна. Үүнийгээ 45 хоногоор үржээд тооцохоор нэг малд 140-150 мянган төгрөгийн зардал гарч байгаа. Click To Tweet  Өнөөдрийг хүртэл нэг бог малыг  таван сар тэжээсэн гэхээр  25 мянган малыг өдөрт 81 сая 250 мянган төгрөгөөр тэжээж байна. Ийм хэмжээний алдагдал хүлээж байгаа нь хувийн хэвшлийнхэн бидэнд маш хүнд байна.  Өнөөдрийн байдлаар төслийн үйл ажиллагааг  шалтгаангүй зогсоосноос болж нийтдээ 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна.

    -Танай төсөл хэрвээ бүрэн хүчин чадлаараа ажиллавал  эдийн засагт ямар  нөлөө үзүүлэх вэ.Нэмүү өртөг шингээж, ажлын байр бий болгох уу?   

    -Жилдээ 3 сая мал гаргах хүчин чадал бүхий хорио цээрийн бүс байгуулсан. Би түрүүнд хэлсэн.Нэг бог малыг 300 ам.доллараар гаргана.Тэгэхээр 900 сая ам.долларын борлуулалтын орлого олох нь байна. Click To Tweet Татварын хуулиар зургаан тэрбумаас  дээш орлого бүхий байгууллагууд 25 хувийн татвараа тушаана. Жилдээ улсын төсөвт чамгүй их татвар  төлөхөөр харагдаад байна. Манай экспортын 90 хувь зөвхөн уул уурхайгаас хамаарч байгаа.  Нүүрс гэхэд л жилдээ   40 сая тонн нүүрс гарч байна. Тонн нүүрсээ 70 ам.доллараар зарахад  2.8 тэрбум ам.доллар олно. Гэтэл үүнтэй өрсөлдөхүйц хэмжээний валютыг бид мал аж ахуйгаасаа олох бүрэн боломжтой.

    Жишээ нь, бид 10 ширхэг малтай байлаа гэхэд 3 ширхэгийг нь гаргаад зарчихлаа гэхэд дараа жил нь 10 болоод л өсчихнө. Гэтэл бид малаа зарж чадаагүй байж байхад зуд авч явчих гээд байдаг. Click To Tweet2013 онд бид малынхаа 23 хувийг зуднаар алдсан гашуун түүхтэй.   Зудны давтамж 10,10 жилээр давтагддаг. Бидний эхлүүлсэн төсөл бол их олон талаас нь бодсон улсад ч , малчдад ч ашигтай төсөл.

     -Таныг ХХАА-н  сайдын эхнэрийн дүү. Улаан сайд эхнэртээ давуу эрх олголоо гэж сошиалаар баахан шүүмжилсэн шүү дээ.Энэ талаар Та тайлбар хэлэх үү?

    -Би чинь Үндсэн хуулиар олгогдсон  амьдрах эрхтэй юм байга биз дээ. Би бизнес хийж байна. Тийм эрхтэй. Би түрүүнд Засгийн газрын тогтоолуудын он дарааллыг хэлсэн.  2016-2017 онд Засгийн газраас тогтоол, шийдвэр нь гарсан. Энэ бизнесийг би 3 жил хийж байна. Гэтэл Ч.Улаан гэдэг хүн 2019 оны хоёрдугаар сард сайдаар томилогдсон. Click To TweetСайдаар томилогдсоноосоо хойш манайтай холбоотой ямар ч тусгайлсан шийдвэр гаргаагүй.

    Улсын бүртгэлийн албанд гадаад худалдааны бизнес эрхэлнэ  гээд бүртгүүлсэн ямар ч аж ахуйн нэгж энэ бизнесийг хийх бүрэн эрхтэй.    Импортлогч улсын хувьд  Хятад ч байж болно, Араб ч байж болно, Ирак, Солонгос хаана ч байж болно. Тэр улсынхаа хорио цээрийн нөхцөл шаардлагад нийцүүлэх асуудал л яригдаад байгаа юм.

    -Одоогоор танайх 25 мянган мал авчихсан байна гэж  ярьсан.Ямар тэжээлээр тэжээдэг вэ. Тэнд хэчнээн хүнийг ажлын байртай болгож байна вэ?

    -Манай үйл ажиллагааг эсэргүүцсэн хүмүүс бол Махны холбооныхон.  Бид амьдын жингээр нь 2000, 2500 төгрөгөөр авдаг байтал  Замын-Үүдийн хүмүүс 3500-аар аваад байна  гэж ярьж байна лээ.  Өрсөлдөөн зах зээлийн зарчмаар л явах ёстой гэж би ойлгож байгаа. Та малтай, малаа зарах сонирхолтой байгаа учраас л би худалдаж авч байгаа. Түүнээс малчин манайд малаа зарахгүй бол би ийм ажил хийхгүй.

    Нэмүү өртөгийн тухайд би хэлье.  Нийтдээ 45 хоног 1 малыг тэжээхэд өдөрт 3250 төгрөгийн  зардал гараад байна. Ямар зардал гэхээр 4 төрлийн зардал гардаг.

    • 1-т үйл ажиллагааны зардал
    • 2-т Ариутгалын зардал
    • 3-т эмчилгээний зардал
    • 4-т хамгийн том хэсэг болох тэжээлийн зардал орж ирнэ.

    Мал тэжээх тэжээлээ бид дотоодоосоо нийлүүлдэг. Манайх бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилдээ 70 орчим тэрбум төгрөгийн тэжээлийг дотоодоосоо нийлүүлэх бүрэн бололцоотой. Click To Tweet Дөнгөж 25 хувийг л гаднаас авах тооцоотой. ОХУ-аас вандуй, эрдэнэ шиш, Хятад улсаас 5 төрлийн эрдэст тэжээл авах юм. Бусад 80 хувь буюу  өвс, царгас, овъёос зэргээ Монголоос авна.  Энэ бүхэнд нэмүү өртөг шингэж байгаа м.

    -Танай үйл ажиллагааг малчид яаж хүлээж авч байна вэ?

    -Малчид бидэнд хайртай байгаа. Малчид олноороо, зарим нь бүр малаа туугаад ирж байна. Хашааны гадаа ирчихсэн малаа хэзээ авах вэ гээд. Гэвч  тодорхойгүй нөхцөл байдал үүссэнээс болоод би малаа авах бололцоогүй байна.  Ганц жишээ хэлье.

    Сүхбаатар аймгаас саяхан нэг малчин ирээд надад 800 орчим бог мал өгсөн. Үнэндээ онд мэнд орохгүй гэж үзсэн туранхай муу малаа л өгсөн.  Гэхдээ манайд бол тэр муу мал уу, сайн мал уу хамаагүй.Бид аваад тэжээгээд, таргалуулаад, эрүүлжүүлээд экспортод гаргана.

    Тэгэхэд ченжүүд нь нөгөө хэдийг чинь бас тарган туранхайгаар нь  шилээд үнэтэй, хямд гэж авдаг юм байна. Би болохоор үнэтэй, хямд гэж ялгахгүйгээр амьдын жингээр авчихаж  байгаа.

    Хэд хоногийн дараа тэр малчин ирээд надад жаахан бэлэг авчихсан, малаа зарсан мөнгөөрөө 200 аваад уначихсан, бүр гэрээ хийе гэсэн. “Ах нь 3000 орчим толгой малтай, би ер нь жилдээ 800-900-г  нь зараад байх бололцоотой юм байна. Эрх жил би бас 800-900г заръя” гэсэн.Малчдад ашигтай байгаа учраас тэд дэмжиж байна.

    Гэвч үйл ажиллагаа маань хүлээлтийн байдалтай байна. Энэ л асуудал байна.

    -Танд асуудлыг шийдэх ямар шийдэл байна вэ?

    -Энийг Монголын ард түмэн маань эрүүл ухаанаар хүлээж аваад, мал аж ахуйн салбараасаа мөнгө олох ямар их боломж, бололцоо байгааг олж хараасай гэж хүсч байна.  Мал сүрэг бол нөхөн үржигддэг баялаг. Нөхөн үржигддэг баялгаа зарж, мөнгө олоод, улсдаа татвар төлөх бололцоотой. Зуданд алдчих гээд байгаа турь муутай, туранхай малаа бидэнд амьдын жингээр нь зарж борлуулаа гэж малчиддаа бас уриалмаар байна. Төр,засаг маань дэмжээсэй гэж хүсч байна. Хөрөнгө оруулагч олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээсээр, магадгүй нэг өдөр олон улсын Арбитрын шүүхэд очих вий. Click To Tweet Яг үнэндээ хориглоод байх нь Монголын талын хамтрагч биднийг  үнэхээр ичгэвтэр байдалд оруулж байгаа.  Олон хүмүүсийг хөрөнгө оруулалт хийгээчээ гээд урьчихсан байдаг.Бид оргүй хоосон дээр, төр, засгийн бодлогын эсрэг юм хийгээгүй шүү дээ.Үе үеийн Засгийн газраас гарсана бодлого, шийдвэрийн дагуу хийгдсэн ажил.

     – Таны яриад байгаа Засгийн газрын шийдвэрүүд өнөөдөр хүчинтэй хэвээр байна уу?

    -Засгийн газрын шийдвэрүүд хүчингүй болоогүй ээ гэж би ойлгож байгаа. Тэгээд мэргэн шийдвэр гаргаасай гэж би хүсч байна. Эдийн засгаа солонгоруулах талаас бодоосой.   Зөвхөн уул уурхайгаа шүтэж амьдармааргүй байна. Энийг л хүсэж байна даа.

    Бүрэн эхээр нь видео мэдээлэл үзнэ үү. 

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ