• “ШИНЭ” намын Ж.Батзандан, Л.Болд нар Үндсэн хуульд цөмийн хаягдлыг бүрэн хориглох санал дэвшүүллээ

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэлэлцэж буй Баялгийн сан, УИХ-ын гишүүдийн тоо, хугацаа болон цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглох зэрэг асуудлуудын талаар ярив.

    Эхлээд Б.Хурц нарт холбогдох эрүүдэн шүүсэн гэх шүүх хурлын талаар мөн мэдээллээ.

    Ж.Батзандан “Шүүх хурлын дараа иргэд олон нийт мэдээлэл авахыг хүсч байгаа. 16 настай байхдаа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэж мэдүүлэг өгсөн Ц.Амгаланбаатар гэж этгээд бий. Тэр хүн төрийн гурван өндөрлөгт болон УИХ-ын гишүүдэд захидал ирүүлсэн байдаг. Тэр захидлаа нотолж бидэнд дахин захидал ирүүлсэн.

    Захидалд “Энэ эрүүдэн шүүсэн этгээдүүд 500 сая төгрөг надад өгнө гэж хэлсэн. Мөн гадаадад гаргаж амьдруулна гэж надад амласан. Тийм учраас Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг гүтгэсэн. Гэтэл 500 сая төгрөг ч өгсөнгүй. Намайг гадагшаа ч гаргасангүй. Тийм учраас би дахиж гүтгэж чадахгүй” гэсэн байсан.

    Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар энэ гэмт хэргийг хийгээгүй, биднийг эрүүдэн шүүж энэ хэргийг хүлээлгэсэн гэдэг байр сууриндаа өнөөдрийг хүртэл хатуу зогсож байна. Ээжийнх нь хашаа руу цогцос шидсэн нь нотлогдсон. Б.Содномдаржааг хавиргыг нь хуга цохиж дарамталсан нь нотлогдсон байна.

    Шүүх хурлаас хойш 14 хоногийн хугацаа өнөөдрөөс дуусч байна. Тиймээс прокурор ажлаа хийх ёстой гэсэн байр суурьтай байна. Прокурор шүүхийн шийдвэрийг хүлээж авсны дараа ямар үйл ажиллагаа явуулахаас асуудал яаж үргэлжлэх нь шалтгаална гэж харж байгаа. Б.Хурц тэргүүтэй нөхдүүд үнэнд гүйцэгдэнэ гэдэгт түр хорооны гишүүд бүрэн итгэлтэй байгаагаа дуулгая” гэлээ.

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан “ШИНЭ” намыг төлөөлж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нэгэн шинэ санал дэвшүүлж буйгаа мэдэгдлээ. Энэ нь “Монгол Улсын хилээр цөмийн хог хаягдлыг оруулах, булшлах, хадгалах, дамжин өнгөрүүлэх аливаа хэлбэрийг хориглоно” гэсэн заалт аж.

    ШИНЭ намын дарга Ж.Батзандан хэлэхдээ “2011 онд Цөмийн хог хаягдлыг хадгалах, булшлахыг хориглосон гэж тухайн үед Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж мэдэгдэж байсан. Харамсалтай нь тус онд Ерөнхийлөгчийн гаргасан нэг ч тийм зарлиг алга. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж гуай тухайн үед зарлиг гагахдаа сонгуулийн зорилгоор, ард түмний эсэргүүцлийг намжаах зорилгоор ийм худал мэдээлэл гаргасан байна.

    2011 оны есдүгээр сарын 7-нд гаргасан “Уран, газрын ховор элемент, эрчим хүчний үйлдвэртэй холбогдсон Ерөнхийлөгчийн зарлиг байна. Энэ зарлигт “Үндэсний эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөө үзүүлэх уран, газрын ховор элементийн асуудлаар шийдвэр гаргахын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж хэлэлцэнэ” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргаж болно гэсэн үг.

    Хоёр дахь зарлиг нь бас л биднийг хуурсан. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийг тууштай мөрдөж ажиллана гэсэн зарлиг. Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улсад цөмийн хог хаягдлыг импортлох, булшлахыг хориглосон нэг ч хууль байхгүй байна. Цөмийн хог хаягдлыг булшлахыг хориглочихсон мэтээр монголчуудад хуурамч мэдээлэл өгч, УИХ-аар хууль гаргаж батлах гэж байхад нь зогсоосон байна гэж бид харж байна” гэлээ.

    Иймээс дээрх заалтыг Үндсэн хуульд оруулах саналыг ҮАБЗ, УИХ-ын дарга, Ажлын хэсэгт хүргүүлж байгаа ажээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ