• Боловсроогүй боловсрол

    Монгол Улсын Засгийн газраас 1996 оныг Боловсролын жил болгож байжээ. Мөн онд эрдэмтэн, зохиолч Лодонгийн “Боловсроогүй боловсрол” хэмээх нэгэн товхимол хэвлүүлж байж. Уг номын агуулга дахь сургамж, дутагдлууд өнөө ч Монголын боловсролын тогтолцоонд байсаар байгаа тул бид уншигчиддаа цувралаар хүргэж байна.

    Хорьдугаар зууны монголын үсрэлт, ахиц нь гэвэл юуны өмнө боловсролын шинэ маягийн тогтолцоотой болсныг дурдах учиртай. Тэр тогтолцооны гол онцлог нь дорно зүгийн бясалган цээжлэх чиглэлтэй шашны номлол давамгайлсан сургалтыг гэнэт өөрчлөн өрнөдийн иргэний боловсролын хэлбэр маягаар сургах арга барилд шууд шилжсэнд оршино. Өөрөөр хэлбэл зохицохуй ухааны дэд шатны сургалтаас өөрчлөхүй ухааны доод шатны сургалтад шилжсэн хэрэг. Гэнэтийн энэхүү цочирмог өөрчлөлт нь сониуч сэргэлэн монголчуудад их юм өгчээ. Гэхдээ жалган дээгүүр огцом үсэрч гарахад өвөр түрийнээс ямар нэгэн юм суга шидэгдэж гээгдэх осол цалгар явдал гарч болдог шиг сургалтын нэгэн тогтолцооноос нөгөөд бэлтгэлгүйгээр үсрэн ороход олох, гээхийн аль аль нь тохиолдсон билээ.

    Олсон юм гэвэл:

    • Манай ард түмэн нийтээрээ богино хугацаанд бичиг үсэгтэн болсон.
    • Сургуулийн насны бүх хүүхдийг үнэ төлбөргүйгээр заавал долоогоос найман жилийн боловсролтой болгох хэмжээнд хүрсэн,
    • Бага дунд, тусгай, дээд боловсрол олгох иргэний сургуулийн бүхэл бүтэн сүлжээг орон даяар баттай бүрэлдүүлж чадсан,
    • Багш сурган хүмүүжүүлэгчдийн үе залгамжилж чадахуйц эрдмийн цол зэрэгтэй бие бүрэлдэхүүнийг буй болгосон,
    • Орчин үеийн сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах, лаборатори бүхий сургалтын аж ахуйтай болсон зэрэг ололтын үр дүнд монголчууд аргалын галаас дулааны эрчим хүчний үйлдвэрт, дэнгийн гэрлээс өндөр хүчдэлийн цахилгаан гэрэлд, жингийн цуваанаас галт тэрэгний тээвэрт, морин өртөөнөөс моторт хөлөгт, модон сампингаас цахим тооцоолуурт, сарлагийн нуруунаас сансрын хөлөгт, дамнуурга жуузнаас дууны хурдыг гүйцэн түрүүлдэг онгоцонд шилжин дэвшсэн билээ. Жолооч, нисэгч, биологич, физигч, химич, зохион бүтээгч, архитектор, инженер, менежер гээд заримд нь монгол нэр томъёо хараахан байхгүй тийм ховор шинэ мэргэжлийг ч монголчууд эзэмшлээ.

    1920 онд иргэний ерөнхий боловсролын ганц сургуультай байсан орон 1930 онд 122, 1940 онд 331, 1950 онд 422, 1960 онд 468, 1970 онд 761, 1980 онд 885 сургуультай болж гурван зуу гаруй жилийн туршид буй болгосон сүм хийдийн тоог нэгэн жаранд гүйцэж түрүүлсэн юм. Бахархан гайхуулж яримаар энэ ололт энэ мөн үү гэвэл яах аргагүй мөнөөсөө мөн.

    Гэхдээ монголчууд өмнөх 300 жилд ч сүүлийн 70 жилд ч нэг л юман дээр өөрчлөгдөөгүй. Тэр нь юу вэ гэвэл өмнөх үед ч, сүүлийн жилүүдэд ч сургалт боловсролын тогтолцоог өөр орноос, бусдаас шууд дуурайн хуулбарласан юм. Click To Tweet Шашны боловсрол сургалтын тогтолцоог Энэтхэг, Түвдээс “зээлдэн” авсан бол иргэний боловсрол сургалтын тогтолцоог Орос, славянаас мөн л шууд “хуулж” авсан. Хүрэн даашинз, цагаан хормогч, улаан зангиатай өнөөгийн сурагч охины дүрэмт хувцас, Жагарын халуун орны нөхцөлд хүрэн даавуун орхимж мөрөн дээгүүрээ эгэлдэргэлээд хэлтгий захтай шар тэрлэг өмсөөд, чавир санжигнуулан гурван есийн хүйтэн жавар сөрөөд Гандан руу явж буй ламхай хоёрын үзэх өнгө, өмсөх хувцас аль алин нь харь орны ахуйгаас шууд “зээлдэж” авсан утгаараа мөн чанар адил билээ.

    Аливаа хуулан дуурайсан юм болгон авах, гээхийн  хуулийг тойрдоггүй ёсоор шашны боловсрол сургалтын хуучин ёс жаяг агуулгад нь орчин үеийн иргэний сургуулийн хэлбэр, журам, арга барилд нь сайны хажуугаар саар зүйл дагалдсаар ирсэн. Сайн юм нь нэг байранд зогсож, саар юм нь түүний сүйхээнд идэвхжиж эхэлдэг тийм цаг нийгмийн аль ч үзэгдэл дээр тохиолддог. Тийнхүү бид бүхний эрхэм чухал ололтууд хичнээн бахархмаар сайхан байсан ч гэсэн түүндээ цадаж сэтгэл амарваас нэг л мэдэхэд торгон дээлийн хээ элэгдэх адил хуучирч бусдад байтугай өөрт гологдоход хүрдэг байна. “Гандан уулын цэцгийг ганданаа гэж санасангүй” хэмээн дуулдаг лугаа адил манай боловсролын тогтолцоог “ганданаа гэж санасангүй” явсны уршиг өнөөдөр ил тод болжээ.

    1980 онд манайх 885 ерөнхий боловсролын сургуультай байсан тэр нь өмнөх арван жилүүдтэй харьцуулахад арван жил тутамд 100 гаруйгаар өсөж ирсэн үзүүлэлттэй байсан бол 1993 онд уул тоо нь тэр л зарчмаараа бодоход мянгад дөхөж очих асан атал даруй 200-гаар буурч 679 сургуультай үлдсэн юм. Сурагчийн тоо 1980 онд 458400 байснаа 1993 онд 369021 болж бараг зуугаад мянгаар бууран багш нар нь ч гэсэн 1980 оныхоосоо нэг их хол явсангүй. Юу болов хэмээн гайхах ч хэрэггүй юм. Сургууль завсардсан хүүхдийн тоо 1992 он гэхэд 93 мянгад хүрсэн зул арга байж уу? Сургуулиуд хаагдаж, сурагчид завсардаж, багш нар танхимаа орхиж (зөвхөн 1993 он гэхэд 1267 багш мэргэжлээ сольжээ) сургалтын чанар доройтож байгаа нь санамсаргүй гэнэтийн тохиолдол уу? Эрдэм номтой болохоос дургүйцэх хандлага бий болов уу?

    Эрхэм дээд буян төгөлдөр сайхан мэргэжил гэж залуу зандан үеэсээ «сонгож авсан ажлаасаа багш хүн уйдав уу?

    Ийм асуултад хүүхэд ч гэсэн, багш ч гэсэн “үгүй” гэж хариулна. Эцэг эх ч санал нийлнэ. Гэхдээ л тэд сургуулиас дайжиж байна. Тэгэж хэн ч захиргаадаагүй, тулгаагүй. Гагцхүү “амьдрал” гэдэг яаж ч болдоггүй “эзэн дээдсийн” эрхээр л хүүхэд сургуулиас завсардаж багш нар хайртай ажлаасаа дайжиж байна.

    Амьдрал яагаад тийм хатуу сэтгэл гаргаваа гэвэл уг чанартаа манай боловсролын тогтолцоо орчин үеэс хоцрохоор барахгүй амьдралаас нэлээн дээр үед тасарч орхисон учраас сурагчиддаа ч, багш нартаа ч “амьдрах ухаан” өгөхөө бараг байжээ. Click To TweetАмьдрахын эрхээр сургуулиа сурагч нь ч, багш нь ч орхиж байна. Гэхдээ энэ нь нийтлэг зүйл биш. Нийтлэг зүйл нь гэвэл манай ерөнхий боловсролын сургуулиуд амьдралаас тасарч, хоцорч байгаа бодитой үзэгдэл. Үүнд тусгай нотолгоо хэрэггүй ч биз. Манай аравдугаар анги төгссөн 18 насанд хүрсэн хүүхдүүд юу хийж чаддаг билээ? Тэд хүнд, хөнгөн тэрэг барьж чаддаг билүү? Тэд трактор, комбайны жолоонд сууж чадах билүү? Тэд оёдлын болон бичгийн машинд эзэн болж чадах уу? Тэд ногоо тарьж тоосго өрж цахилгаан гагнуур хийж токарь, слесарь, монтёр мэтийг гадарладаг уу? Сампин зангидаж, дээс томж, утас ээрч, арвай тээрэмдэж, сур элдэж дөнгөх билүү? Тэд компьютер дээр ажиллах чадвартайсан билүү? Харамсалтай нь наад захын ийм асуултад бараг цөмөөрөө “үгүй” гэж хариулна. Тэгэхээр тэд нэгэн “паартнаас” нөгөө “паартад” шилжиж “фаартукаа”, “портфелээр” солих л ганц замыг өөрөөр хэлбэл дунд сургуулиас дээд сургуульд эсвэл тусгай мэргэжлийн сургуульд л шилжихийг мөрөөднө. Эх эцэг, танил тал, бүх аргаа хэрэглэж, тэдний нэлээд нь гадаад дотоодын их дээд сургуульд орж амжина. Ширээний буюу “паартны” цаана сууж өөрөө хөдөлмөрлөхгүйгээр бусдын буюу багшийн ярихыг (хөдөлмөрлөхийг) чагнан суудаг идэвхгүй хэлбэрийн амьдралаа тийнхүү тайван үргэлжлүүлж дахиад 5-6 жил сууна.

    Цаг хугацаа зогсдоггүй юм болохоор ширээний цаана суух амьдрал нэгэн цагт дуусаад сургуулиа төгсөж улаан юмуу хөх, хүрэн, диплом өвөртлөөд НӨГӨӨХ залуучууд маань “амьдралд орно. Сүүлийн хэдхэн жилд тийнхүү диплом өвөрлөн амьдралд орсон залуусын тоо наад зах нь дөч тавин мянгад хүрэв. Гэвч тэд яг л ажилладаг насан дээрээ ажиллах гэрчилгээгээ авмагц ажилгүйчүүдийн тоонд орж тэдний эгнээг өргөтгөдөг боллоо. Уул нь сайхан ажил, болж өгвөл өндөр албан тушаалд хүрэхийн тулд дээд сургуульд суралцаж тэрхүү үнэмлэх бичгийг авсан хэрэг. Яагаад гэвэл тийм үнэмлэхгүй хүнийг хэн ч тоодоггүй, диплом, гэгчтэй л бол ялангуяа улаан өнгөтэй бол тэр хүн хэр авьяас, чадал, эрдэм увдистайг төдийлөн харгалзахгүйгээр гол төлөв дарга болдог тийм нэгэн бичигдээгүй хуулиар сүүлийн дөчөөд жилийн турш нийгэм маань аж төрж байснаас “дипломтой л хүн” болох мөрөөдөл хүмүүс дунд түгсэн билээ.

    Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн ноёрхол нь дипломтонгуудад заавал ажил олгох болзлыг яаж ийгээд л бүрдүүлдэг байлаа. Гэтэл зах зээлийн харилцааны эдийн засагт шилжихээр улаан диплом биш уран чадвартай, овсгоотой, ажилсаг хүн л гол үзүүлэлт болох цоо шинэ журам тогтож эхлэв.

    Тэгмэгц нөгөө олон дээд боловсролтонгуудад маань “дипломын” ажил олдохоо болив. Тийнхүү дан ганц “дипломоор” ам хөдөлгөх биш “хүрзээр” амь зуух цаг болоход хар багаасаа идэр хорин тавт хүртлээ сургуулиар явж “эрдэм” заалгасан өнөөх “боловсон хүчин” маань өөрөөр амь зуух чадваргүйгээ гэнэт ойлгож хайран хорин таван сайхан жил гэж харамсах сэтгэлд автагдахаас өөр яах билээ.

    Нялхсыг саатуулах газраас эхлээд цэцэрлэг, бага, дунд сургууль, их дээд сургуульд гагцхүү ширээний цаана 25 жилийн турш суусан идэрчүүл маань ийнхүү сурсан юмаар маруухан, зарим нь олигтойхон хоол ч хийгээд идчихэж чадахгүй дээлийнхээ товч шилбийг ч хадчихаж дөнгөхгүй бас тэгсэн мөртөө ажлыг хар бор гэж ялган үздэг, “дарга” голчлон болох хүсэлтэй ийм л нэгэн болсноо саянаас л нэг гадарлаж байна. Гэхдээ нарийн мэргэжил эзэмшсэн, эх орноо асар хурдан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан олон мянган ажилсаг хүмүүсийг буюу манай гол ололт болсон “боловсон хүчнийг” нэлд нь адлан үгүйсгэхийн тулд ингэж бичсэнгүй. Ингэж бичих ч хэрэгцээгүй байж мэднэ. Харин манай бахархал гэгддэг боловсрол маань улам боловсронгуй болоосой гэсэндээ л өврөөс нь биш араас нь энгэрийг нь биш хормойг нь бяцхан сөхөж ярьж байгааг минь болгоотугай.

    Манай боловсролын боловсроогүй шуурхай шинжийг дурдвал нэлээн хэдэн зүйл ярих ёстой бөгөөд юуны түрүүнд боловсрол амьдралаас хоцорч тасарснаас “амьдрах ухаан” өгөх өгөөжөөр хомсдожээ гэж хэлэх байна.

    Амьдрах ухаантай болгох чиглэлээр боловсролыг боловсронгуй болгоё. Үүний тулд яах вэ? Амьдрах ухааныг сургуулиудад, сурах бичигт, багш нарт, боловсролын салбарын удирдлагад нэвтрүүлэх хэрэгцээтэй байна. Энэ нь шинэ асуудал биш. Амьдрах ухаан суулгах гэж хөдөлмөр сургалт, гэр ахуйн хичээл, үг хөгжил, цэрэгжил, дуу хөгжим, биеийн тамир гэх мэтийн олон янзын нэрээр монголын сургуулиудад удаа дараа нэвтрүүлсэн зүйл цөөнгүй. Түүнээс унасан ашиг ч багагүй. Гэхдээ тууштай, ухаалаг, ул суурьтай нэвтрүүлж чадаагүйн харгайгаар чухал чухал үүсгэлүүд манайд төдий л гэршиж, дасаж өөриймсөж үр төлөө бүрэн өгч чадаагүй юм.

    1996 он

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ