• 10-50 хүртэл ажилтантай, 300 саяас нэг тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг жижиг үйлдвэр,үйлчилгээ эрхлэгч гэж нэрлэхээр болжээ

    2019-09-02

    Өнгөрсөн хаврын чуулганаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан.

    Уг хуульд орсон гол өөрчлөлтүүд:

    Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, ангиллын шалгуурыг ажилчдын тоо, жилийн борлуулалтын орлогын хэмжээнээс хамаарсан байдлаар өөрчилсөн бөгөөд ажилчдын тоо нэмэгдэх тусам тухайн аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ нэмэгдэхээр, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид банкаар дамжуулан зээл олгохоор тусгасан.

    Үүнд:

    • Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид гэж 10 хүртэл ажилтантай, 300 сая хүртэл төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг нэрлэхээр болжээ.
    • Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид гэж 10-50 хүртэл ажилтантай, 300 саяас нэг тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг
    • Дунд аж ахуйн нэгж гэж 50-200 хүртэл ажилтантай, 1-ээс 5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг нэрлэхээр болсон байна.

    Дунд үйлдвэр эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргасан тохиолдолд банкнаас авсан зээлийн жилийн хүүгийнх нь 5.0 хүртэл хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож болохоор хуульд тусгажээ. Мөн ЖДҮ Сангийн тухайн жилийн санхүүжилтийн 80-аас доошгүй хувийг үйлдвэрлэлийг дэмжих зориулалтаар олгохоор тусгажээ.

    Түүнчлэн төрийн байгууллага, эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын улмаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл зорилтот бүлэгтээ очдоггүй байсныг өөрчлөх зорилгоор уг сангийн үйл ажиллагааны болон зээл олгох, сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батлахаар өөрчилж, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээд, төрийн албан хаагчид хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгон Зөрчлийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуультай уялдуулсан зохицуулалтуудыг тусгалаа.

    Жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй хэмжээний мөнгөн хөрөнгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд төвлөрүүлж, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалтаар зарцуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд тусгав. 2030 он хүртэл хугацаанд ийнхүү улсын төсвөөс хөрөнгө хуваарилах бөгөөд түүнээс цааш Сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэх юм.

     Эх сурвалж:УИХ-ын Тамгын газар

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ