• В.Путин Монголд хамаатай бүх хүнээ дагуулсаар ирнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад есдүгээр сарын 3-ны өдөр албан ёсны айлчлал хийнэ. Гэхдээ тэрбээр есдүгээр сарын 2-нд буюу өнөө орой Улаанбаатар хотод ирэх ажээ. 

    Энэхүү айлчлал нь Монгол, Оросын ард түмний хувьд түүхэн ач холбогдолтой Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойгоор хэрэгжиж байгаагаараа онцлог.

    Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Халхын голын байлдааны  ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээнүүдэд оролцохоор төлөвлөсөн байна.

    ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг сурвалжлахаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 200 орчим сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид нэрсээ мэдүүлсэн байна. Мөн ОХУ-аас 70 орчим сэтгүүлч, хэвлэлийн ажилтнууд ирэх юм байна.

    В.Путины Монголд хийх айлчлалд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Шадар сайд Алексей Гордеев, Эрчим хүчний сайд Александр Новак, түүнчлэн хэд хэдэн газрын дарга нараас гадна Оросын төмөр замын дарга Олег Белозеров, “Роснефть” -ийн дарга нар дагалдан айлчилна гэж мэдээлж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ