• Залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн “Халхын гол” номын нээлт боллоо

    Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан байлдааны голын фронтод цэрэг армиа удирдаж явсан “Залуу жанжин” хэмээгдэх  Жамъяангийн Лхагвасүрэнгийн бичсэн “Халхын гол” номыг хоёр дахь удаагаа хэвлүүлжээ. Өнөөдөр  уг  номын нээлт болж, түүний охин Л.Лхагвадулам, хүү Л.Лхагваа, ач охин Л.Номин болон үе үеийн ахмад дайчдын хойч үеийнхэн  цугларав.

    Халхын гол Click To Tweet

    Номны анхны гар бичмэл өрөлтөнд 1975 оны зургадугаар сард орсон боловч хэвлэгдэхгүй байсаар дөрвөн жилийн дараа хэвлэгдэж байжээ. Харин ном хэвлэгдэх үед Ж.Лхагвасүрэн нь Болгарт Элчин сайдын үүрэг гүйцэтгэж байсан тухай түүний охин Л.Лхагвадулам дурссан.

    Хоёр дахь хэвлэлтийн хувьд Хурандаа,генерал Ж.Лхагвасүрэнгийн охин Л.Лхагвадулам өөрийн биеэр хариуцаж тухайн үеийн гэрэл зураг, ишлэлүүдийг нэмж, оршил хэсгээр баяжуулжээ.

    Охин Л.Лхагвадулам

    -Аав маань бидэнд дайн гэдэг бол хүсэж болохгүй, их муухай зүйл байдаг гэдгийг ойлгуулж ярьдаг байсан. Хэдий тийм боловч аливаа тусгаар тогтносон улс орон дайнд тусгаар тогтнолоо хамгаалахад бэлэн байх хэрэгтэй, мэргэжлийн цэргүүдээс бүрдсэн армитай байх хэрэгтэй гэсэн үзэл бодолтой байдаг байсан.

    Хүү Л.Лхагваа

    Л.Лхагваа:

    -Өнөөдрийн номын нээлтэнд дандаа таньдаг хүмүүс цуглажээ. Халх голын байлдааны амьд гэрчүүд цугларсан гэж хэлж болохоор байна. Бидний  хувьд энэ бол эрхэм зүйл учраас бид энэ номыг унших нь тодорхой. Харин залуучууд энэ номыг нэг сөхөж, харж сонирхох юм уу гэдэг эргэлзээтэй.

    Номонд Халх голын дайн эхлэхээс өмнөх үе, давшилтад бэлтгэх үе, ерөнхий давшилт, дайны төгсгөл, үр дүн, сургамж зэрэг бүлгүүд оржээ. Энэ бол дайнд өөрийн биеэр Монгол цэрэг армиа удирдаж явсан Ж.Лхагвасүрэнгийн ард түмэндээ бичиж өвлүүлэн үлдээсэн түүх, үнэлж баршгүй гэрээслэл юм гэж түүний гэр бүлийнхэн онцолж байлаа.

    “Халхын гол” номын хэсгээс:

    “..зарим цэргүүд өөртөө хэрэглэн бүхий гар гранатыг зөвөөр ашиглаж хэрэглэхийн оронд түүнийг галтай хэвээр нь авч яваад гал нь дэлбэрч шархдах буюу түүгээр л үлд барам үхэх хорогдох хүртэл үл зохилдох аюултай дутагдлуудыг удаа дараалан гаргасаар буй..

    МАХЦ-ийн улс төрийн газрын дарга, Бүх цэргийн жанжин орлогч Ж.Лхагвасүрэнгийн 1939 оны наймдугаар сарын 15-ны дөрийн 27 тоот тушаалаас”

    “…Хилийн дотор эзэлсэн газраа дайсан үнэхээр сайн бэхэлж байжээ. Командын байр, авто засвар, гал тогооны байр, офицеруудын хоргодох байр зэрэг нь маш сайн төхөөрөмжлөгдсөний дээр галт хэрэгсэл,хүнсний зүйл, тэр байтугай архи дарс ч элбэг байв. Тэдний бэлтгэлийг үзэхэд аргагүй л олон жилийн байлдааны туршлагатай, түүнд хэзээний бэлтгэж сурсан нь илэрхий..”

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ