НИЙСЛЭЛ:Хувийн эзэмшлийн газартаа автомашин борлуулж байсан 15 иргэн,аж ахуйн нэгжийн газрын зөвшөөрлийг цуцална

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй, ил задгай автомашин, түүний дагалдах хэрэгслийн худалдаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллажээ. Энэ тухай өнөөдөр НЗДТГ-ын  Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НГЗБ-ын алба Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий нар хэвлэлийн бага хурал хийлээ.

Хамтарсан ажлын хэсэгт Нийслэлийн ЗДТГ-ын Хууль,эрх зүйн хэлтэс, НМХГ,Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хамтран ажиллаж,  нийслэлийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн газрын зориулалтыг зөрчин, автомашины худалдаа эрхэлж байсан 15 иргэн, ААН байгаа нь тогтоогджээ.

Тиймээс эдгээр 15 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг нь цуцалж, албадан чөлөөлөх ажлуудыг хийх аж.  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийслэлд автомашины худалдаа эрхлэх нэг цэгийг зааж,  тохижуулсан бөгөөд уг газар автомашины худалдаа эрхлэгчид төвлөрөх ёстой аж.

Мөн нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд нийт 62 иргэн, аж ахуйн эзэмшил, өмчлөлийн газраа зориулалтын дагуу ашиглах тухай гурав хоногийн хугацаатай мэдэгдэл  хүргүүлж, хяналт тавьж ажилласан байна.

Ингэхэд  62 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас  16 нь зөрчлөө арилгаж, 46 иргэн аж ахуйн нэгж байгууллага зөрчилтэй хэвээр байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг зөрчсөн үйлдэл аж.

 Түүнчлэн өмчилж буй газраа зориулалтын бусаар ашиглаж ил задгай автомашин худалдаалж байгаа 31 иргэний газрыг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасныг үндэслэн газар өмчлөх эрхийг хүчингүй  болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлэхээр болжээ.

2018 онд зургаан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 32 иргэн, аж ахуйн нэгжийн 1,000 гаруй авто машиныг нүүлгэн шилжүүлж зөрчлийг арилгуулсан байна.

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ