Д.Лүндээжанцан:Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь 330 суманд заавал зохион байгуулалтын нэгжтэй байна гэсэн үг биш

2019-08-29

УИХ-ын чуулганаар өнөөдөр Үндсэн хуулинд нэмэлт,өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийгдэж байна.Хамгийн эхний ээлжинд улстөрийн намын тухай  өөрчлөлтийг хэлэлцэж байгаа бөгөөд уг асуудлаар УИХ-ын гишүүн , Үндсэн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан тайлбар хийв.

Д.Лүндээжанцан:  

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн  хоёрдугаар   хэлэлцүүлэг улстөрийн  намаар эхэлж байна. 1990 оны хавар шинэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэг мөн улс төрийн намаар эхэлж байсан.

Ардын их хурлаар МАХН  нийгэм төрийг удирдан чиглүүлэгч хүч, марксизм ленинизмийг  үйл ажиллагаандаа удирдлага болгосон  Монголын нийгэм төрийг удирдан чиглүүлэгч хүч  гэсэн Үндсэн хуулийн үзэл санаанаасаа өөрсдөө татгалзаж байсан. Дараа нь  Улс төрийн намын тухай хууль гарч, энэ хуулийн төсөл дээр олон талаас олон хүн оролцон баталж байв.

Цагаан дээр хараар бичсэн “Улс төрийн намын тухай” гэж хуулийн төслийн гар бичмэл саяхан олсон. Тэр үед  олон намын тогтолцоо ч гэж хаа байлаа, улс төрийн нам гэдэг сонгодог утга нь ч хаа байлаа. Гэхдээ бид  бас цагаан дээр хараар олон намт тогтолцооны атар газрыг хагалж байсан юм аа. Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлтийн төсөл яг энэ улс төрийн намаар эхэлж байна.

Улс төрийн намын тухай хуульд “ улсын хэмжээнд  гэдэг санаа бол одоо хүртэл байгаа юм аа. Зүгээр нэг  дээшээ харж байгаад энэ заалтыг оруулчихаагүй ээ.

Үндсэн хуулийн найруулга дотор  “Нам Үндсэн хуулийн 16-р зүйлийн 10-т заасны дагуу байгуулагдаж улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна аа” гэж орсон.   Энэ зүйл заалтад  “Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм төрийн аюулгүй байдлыг сахиж хуулийг дээдлэн биелүүлнэ ээ ” гэж одоо үйлчилж байгаа Үндсэн хуульд байгаа. Энэ дагуу нам олон нийтийн байгууллага эвлэлдэн  нэгдэх эрхтэй гээд энэ дагуу байгууллагдах эрхийг бол нээлттэй, харин нийгэм төрийн аюулгүй байдлыг  сахин хамгаалж, хүндэтгэж хуулийг биелүүлэх үүрэг гэдгийг бол зааж өгсөн. Тийм учраас энэ заалт бол 19 дүгээр зүйлд бие дааж орж ирж байгаа юм.

Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг бол дэлхий нийтийн ерөнхий жишиг.

Нам  зөвхөн нэг орон нутгийн хэмжээнд явуулахгүй шүү, зөвхөн нэг шашны ч юм уу, бүлэглэлийн   явцуу үйл ажиллагаанууд явуулж болохгүй шүү гэдгийг хэлж байгаа юм.

Үүнийг зарим гишүүд хасах санал оруулж байгаа юм байна.  Гэхдээ энэ чинь судалгааны үндсэн дээр, бусад улсуудын Үндсэн хуульд юу гэж заасан байдгийг харж үзэж, дээр нь одоогийн үйлчилж байгаа улс төрийн намынхаа хуулийн утга агуулгыг сайжруулж цааш нь баяжуулан хөгжүүлэхийн тулд оруулж ирж байгаа заалт юм.

Энийг бол мушгиж гуйвуулаад байх шаардлага байхгүй.

Нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэдэг нь заавал  330 суманд   зохион байгуулалтын нэгжтэй байхыг одоо зааж өгч байгаа хэрэг биш шүү дээ.Үүнийг бүр намжуулаад, улстөржүүлээд хаячихна гэж ойлгож болохгүй.

Намыг муу хэлж л байвал хүмүүст таалагддаг юм,тиймээс муулахын тулд муулаад байж болохгүй. Нам бол сайн дурын уран сайхан биш ,  улс төрийн байгууллага. Тийм учраас иймэрхүү зарчмын асуудлыг Үндсэн хуульд суулгаж өгөхөөс аргагүй байгаа.

Ямар ч нам улсын хэмжээнд бодлогын үйл ажиллагаа явуулна аа гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээн хэлэв.

“Улстөрийн нам улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэдгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Коммунист намуудыг тахин шүтүүлэх зорилго” гэсэн бол хуулийн төс лийг өргөн барьсан олонхи гишүүд оруулсан төслөө дэмжиж байгаа юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ