• Г.Мөнхцэцэг: Бичил уурхай хаагдвал хууль ёсны дагуу олборлолт хийж байгаа 12 мянган хүн ажилгүй болно

    Засгийн газрын 2019 оны наймдугаар сарын 21-ний өдрийн хуралдааны дараа Байгаль орчин аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг цуцлах асуудлыг дараагийн хуралдаанаар хэлэлцэх тухай мэдээлсэн.

    Тэгвэл өнөөдөр Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооноос тус журам цуцлагдан, бичил уурхайнууд хаагдах нь хууль ёсны дагуу олборлолт явуулж, хөдөлмөрлөж байгаа иргэдэд, цаашлаад уул уурхайн салбарт ямар нөлөөтэй талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

    Одоогийн мөрдөгдөж буй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдаж байжээ. Нийт дөрвөн удаа шинэчлэгдэж байв. Тус журмын хувьд хамгийн гол нь орон нутаг дахь ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, нутгийн иргэдийг баялагтаа эзэн болгох зорилготой аж.

    Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг “Олон нийт хууль бус олборлолт болон бичил уурхайг холин ойлгож болохгүй. Бичил уурхай бол тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас зөвшөөрөл аван, гэрээ хийн, хууль ёсны дагуу олборлолт хийдгээрээ ялгаатай” гэж хэлсэн юм.

    Мөн бичил уурхайны хувьд жирийн уурхайн олборлолтыг бодвол маш бага талбайд олборлолт явуулж, түүнээс нь олон хүн ажлын байртай болдгоороо онцлогтой юм. Шинэ газар дээр биш үйлдвэрийн болон технологийн хаягдлаар бий болсон талбайг ашиглан олборлолт явуулдаг учраас байгаль орчныг сүйтгэх биш, харин ч нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэдэг.

    Хэвлэлийн хурлын үеэр “Архангай аймагт 13 уурхайн үйл ажиллагааг зогсооход 8400 га талбай улсын мэдэлд эргэн очсон бол улсын хэмжээнд бичил уурхайн олборлолт явуулж байгаа нийт талбай ердөө 350 га” гэж онцолж байсан юм.

    2019 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 15 аймгийн 55 сумдын нутаг дэвсгэрт 600 гаруй нөхөрлөлийн 12 000 хүмүүс бичил уурхайд ажиллан,олборлолт явуулж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ