• Макрон гэргийг нь доромжилсон Бразилын ерөнхийлөгчийг хүчтэй шүүмжиллээ

    Францын ерөнхийлөгч Эммануэль  Макрон сошиалд гэргийнх нь талаар бүдүүлэг сэтгэгдэл бичсэн Бразилийн ерөнхийлөгч Жайр Болсонаруг хурцаар шүүмжиллээ.

    Өнгөрсөн долоо хоногт хоёр удирдагч Амазоны ширэнгэ ойд шатаж буй түймэртэй холбоотойгоор сөргөөцөлдсөн юм.

    Энэ харилцаа нь иргэдэд нөлөөлж, өнгөрсөн ням гарагт Болсонаругийн нэгэн дэмжигч фэйсбүүк хуудсандаа хоёр улсын тэргүүн хатагтай нарыг харьцуулсан зураг нийтлээд “Макрон яагаад Болсонаругийн эсрэг довтлоод байгааг одоо та нар ойлгож байна уу?” гэсэн тайлбар хийжээ.

    Макроны гэргий Брижит нь 65 настай бол Бразилын тэргүүн хатагтай Мишель 37 настай. Тэгтэл уг харьцуулсан зургийн дор Бразилийн ерөнхийлөгч “Залууг битгий доромжлоод бай, хаха” хэмээн бичжээ.

    Макрон өчигдөр “Тэр миний эхнэрийн талаар хэтэрхий бүдүүлэг сэтгэгдэл бичсэн. Надад харамсалтай гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна” гэж мэдэгдлээ.

    “Ерөнхийлөгчийнхээ бичсэнийг уншаад Бразил эмэгтэйчүүд ичсэн гэж би бодож байна. Аугаа Бразилын ард түмэн ерөнхийлөгчийнхөө ааш авираас ичсэн байх. Энэ улсын ард түмэнд нөхөрсөг, хүндэтгэлтэй ханддагийнхаа хувьд би тэднийг удахгүй зөв ерөнхийлөгчтэй болоосой гэж хүсэж байна” хэмээн Макрон ярьжээ.

    “Их Долоо”-гийн уулзалт эхлэхээс өмнө Эммануэл Макрон Бразилийн ерөнхийлөгчийг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаасаа ухарсан гэж шүүмжилж байв. Энэ шалтгаанаар тэр Бразилтай байгуулах томоохон худалдааны гэрээг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Хариуд нь Болсонару Макроныг “колоничлогчийн ааш авир” гаргалаа хэмээн шүүмжилсэн юм.

    Бразил, Францын удирдагчдын харилцаа муу байгааг харуулсан бас нэг үйл явдал энэ сарын эхээр болсон. Өөрт нь бараалхахаар ирсэн Францын гадаад хэргийн сайд Жан Ив Ле Дрианыг Бразилын ерөнхийлөгч үсээ засуулж байгаа гэсэн шалтгаанаар хүлээж аваагүй.

    Ийнхүү дэлхийн хоёр том улсын удирдагчдын маргаан эхнэр хүүхэд рүүгээ орж доош орж байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ