• Орхон голыг бохирдуулж буй “Монгол газар”-тай хүчтэйхэн тэмцсэн ганц сайд нь Д.Оюунхорол байв

    2019-08-26

    Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хариуцлагагүй ажилласан уул уурхайн  19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцалсан бөгөөд түүн дунд “Монгол газар” компанийн 13 зөвшөөрөл багтсан.

    “Алтны магнат” гэгдэх Ц.Мянганбаярын  “Монгол газар” нь 10-аад жилийн турш Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт  алт олборлож ирсэн бөгөөд жил бүр Орхон голыг  бохирдуулж байна хэмээн гомдол санал гаргадаг ч төр, засаг хүчирч дийлээгүй юм.

    Харин “алтны магнат”-ын “Монгол газар”-т хамгийн анх чанга дуугаар очиж, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл арга хэмжээ авсан анхны зоригтой төрийн өндөр албан тушаалтан бол БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол байв.Тэрээр 2016 оны есдүгээр сард буюу одоогоос яг гурван жилийн өмнө  УУЯ, МХЕГ-ын албаны хүмүүстэй Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон голын эхэн дэх “Монгол газар”-ын уурхайд очиж, УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, иргэд, уурхайн эзэд, ажилтан гээд бүх талын төлөөллийг оролцуулан Орхон голын бохирдол, нөхөн сэргээлтийн асуудлаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байсан.

    Тухайн үед Орхон голын эхэнд“Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж, тэд гэрээлэгч 16 компаниар олборлолт хийлгэж байсан бөгөөд эдгээр компаниудын 14 нь хууль ёсны дагуу ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй өдий хүрсэн нь илэрч,нотлогдож байсан билээ.
    Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол шийдвэр гаргаж,  хууль, дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулах хүртэл лиценз ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаж байв.

    Мөн нөхөн сэргээлтийн барьцаа төлбөр байршуулах,  лиценз эзэмшигчдийг талбайдаа олон компани гэрээгээр оруулахыг хориглосон.  Тухайн үед  нэг талбайд 14 компани зэрэг ажилласан нь замбараагүй, хариуцлагагүй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзсэн юм. Мөн “Монгол газар” тэргүүтэй тэдгээр компанийг усыг дахин ашиглах арга технологиудыг нэвтрүүлэх,   далан шуудуугаа зориулалтын дагуу барих шаардлагыг тавьж байв. Д.Оюунхорол ямар ч байсан БОАЖ-ын сайдаас буутлаа гаргасан шийдвэр, тавьсан шаардлагынхаа төлөө тэмцсэн юм даг.

    Орхон гол нь найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгадаг. Дээр нь тухайн орчны экологийн тэнцвэр, хүн ардын эрүүл ахуйн тулгамдсан асуудал учраас тухайн үед Архангай, Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүд ч хамтран ажиллаж байв.

    Гэвч дээрх шийдвэр хэрэгжсэнгүй өдий хүрч, “Монгол газар” гэрээлэгч нэрээр жижиг компаниудаар алт олборлуулж, ашгаа хүртсээр өдгөө хүрч энэ хугацаанд Орхон гол ч хангалттай бохирдсоны дараа нэг юм Засгийн газрын шийдвэр гарав.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ