“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын робот бүтээх тэмцээнд ШУТИС-ын баг,тамирчид улсаа төлөөлөн оролцоно

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн ирэх ням гарагт буюу энэ сарын 25-ны 12:00 цагт  “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.

Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, Монголын үндэсний олон нийтийн телевизийн Ерөнхий продюсер Д.Ганчимэг, “ABU Robocon–2019 Mongolia” олон улсын төслийн Ерөнхий продюсер Г.Агааноров, “ABU Robocon” төслийн ерөнхий зохион байгуулах хорооны дарга Араи Томохиса, “ABU Robocon”  төслийн продюсер Ёшида Такүши нар мэтгүүлчдэд тэмцээний талаар мэдээллээ.

“Робокон” тэмцээн Япон улсаас үүсэлтэй. Анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин, Ази, номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. “ABU Робокон” бол инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуусын хичээлийн танхимаар олж авсан мэдлэгийг практик дээр туршдаг хамгийн том тэмцээн. Түүнчлэн оюутнуудад бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг.

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдөнө. Монгол Улс зохион байгуулагч орон учраас давуу тал бий болж хоёр багаа оролцуулахаар болжээ.  “Робокон-2019” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн ШУТИС-ын Мэдээлэл,холбооны технологийн сургуулийн хоёр баг улсаа төлөөлөн оролцоно.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ