Хятад иргэдийн бүх бичиг баримтыг хурааж авсан иргэн Л.Өнөрчимэг нарыг Налайхын цагдаагийн хэлтэс шалгаж байна

Монгол улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу орж ирэн, төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж байсан БНХАУ-ын иргэдийн бичиг баримтыг иргэн Л.Өнөрчимэг болон “Гүрэнт Монгол” гэх ТББ-ынхан хураан авсан тухайгаа сошиалд мэдэгдсэн. Нийт 51 хятад иргэний зөрчилтэй бичиг баримт хураан авсан тухайгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулж, улмаар  “Монголд байгаа бүх хятад иргэнийг хөөж гаргая” хэмээн уриалсан билээ.

Тэгвэл ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Аливаа иргэний бичиг баримтыг зөвхөн төрийн эрх бүхий байгууллага шалгах эрхтэй. Гадаадын иргэн, визний зөрчилтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн агентлаг шалгаж, шийдвэрлэх ёстой. Гадаадын иргэдтэй холбоотой зөрчилтэй зүйл байвал иргэн, ТББ үүнийг хуулийн байгууллагад мэдээллэх л үүрэгтэй. Гэтэл төрийн захиргааны байгууллагын нэрийг барьж, янз бүрийн үйл ажиллагаа явуулах нь хууль, тогтоомж зөрчиж байгаа хэрэг. Тиймээс Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст Л.Өнөрчимэг нарыг шалгаж байна” гэлээ.

Гадаадын иргэн харьяатын газрын эх сурвалжийн мэдээлж буйгаар Налайх дүүрэгт үйл ажиллагааг явуулдаг “Эс Ди Ти Эм” компани 51 хятад иргэнийг хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрөлтэйгээр ажиллуулж байсан аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ