Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нь явган зорчигч руу ус цацсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийг үндэслэн арга хэмжээ тооцож болох боловч учир дутагдалтай байдаг гэдгийг албаныхан хэлж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7.51 дүгээр заалтад “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
Хэдий энэ зүйл заалтаар арга хэмжээ авагдаж болох ч энэ тохиолдолд хангалттай нотлох баримт хэрэгтэй гэнэ. Тодруулбал, тухайн жолооч явган зорчигч руу ус цацаж байгаа бичлэг байх шаардлагатай аж. Явган зорчигчид ус цацсан автомашины улсын дугаар маркыг мэдэж байгаа ч хариуцлага тооцуулах боломжгүй юм байна. Энэ нь хангалттай нотлох баримт болж чаддаггүй бөгөөд бусдыг гүтгэх, хорлох байдал гарах магадлалтайг албаныхан хэллээ.
ТЦА-наас тодруулахад “МУ-ын Замын хөдөлгөөний дүрэмд ийм заалт байхгүй. Харин зам дээр ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасч, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих гэсэн заалт байдаг. Одоогоор энэ зөрчлөөр арга хэмжээ авагдсан жолооч байхгүй” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.