ТХЗ-ын хэрэгжилт:Нийт хүн амын 10 хувь нь давхацсан олон хүчин зүйлээс болж ядуурчээ

2019-08-20

Гарчиг дахь ТХЗ гэдэг нь “Тогтвортой хөгжлийн зорилго” гэсэн үг юм. 

…НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 2015 онд “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг батлан гаргасан билээ. Уг баримт бичгийн дагуу улс орнууд ч өөрийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг гарган хэрэгжүүлж байгаа. Монгол Улс 2016 онд УИХ-аас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг батлан гаргасан бөгөөд уг баримт бичгээр 2030 он гэхэд хөгжлийн ямар түвшинд хүрсэн байхаа тодорхойлсон юм.

Тухайлбал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д:

• Нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 америк долларт хүрч, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрнэ.
• Эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2016-2030 онд 6.6 хувиас доошгүй байна.
• Ядуурлын бүх төрлийг эцэс болгоно.
• Орлогын тэгш бус байдлыг багасгаж, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд багтсан байна.

Эдгээр зорилтыг улс орнууд НҮБ-ын өмнө “Үндэсний сайн дурын илтгэл”-ээр тайлагнадаг бөгөөд Монгол Улс өнгөрсөн долдугаар сард үндэсний илтгэлээ НҮБ-ын хуралдаанд тайлагнасан билээ.
Уг илтгэлд дурдсан тоо баримт, агуулга нь Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт ямар байгааг илэрхийлж байгаа юм.
Бид Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үндэсний сайн дурын илтгэлийн агуулгыг энгийн үг,өгүүлбэрт хувирган уншигчиддаа хүргэж байна.

Зорилго 1.Ядуурлын бүх хэлбэрийг устгах

2030 он гэхэд ядуурлын бүх хэлбэрийг устгах зорилт нь НҮБ-ын 2030 онд дэлхий даяар хүрэх зорилгын нэгдүгээрт бичигддэг. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын мөн нэгд тусгагдсан.

Харин Монгол Улс 11 жилийн дараа ядуурлыг устгах зорилгодоо хүрч чадах уу?

Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэлд дурдсанаар:

Тэгш бус байдал гүнзгийрч, ядуурлын түвшин нэмэгджээ. Уул уурхайн салбарт түшиглэн эдийн засаг эрчимтэй өсч байгаа боловч энэхүү өсөлт нь тогтворгүй, бүх хүнд хүртээмжтэй байж чадахгүй байна. Мөн уг өсөлт нь салбарууд, бүс нутгийн түвшинд жигд бус байна.
2014 онд ядуурлын түвшин 21.6 хувь байсан бол 2016 онд 29.6 хувь болж, 8 пунктээр нэмэгдэж Монгол Улсад гурван хүн тутмын нэг нь үндэсний ядуурлын түвшнээс доогуур амьдарч байна. Үндэсний ядуурлын шугамд тун ойрхон, ядуу ангилалд шилжин орох эрсдэл өндөртэй олон хүн байна.
Ядуурлын түвшин хот, хөдөө болон бүс нутгаар ялгаатай байна. ТХЗ-ын хэрэгжилт:Нийт хүн амын 10 хувь нь давхацсан олон хүчин зүйлээс болж ядуурчээ Click To Tweet Эдгээр нь боловсролын түвшин, эрүүл мэнд, нийгмийн халамж анхаарал, байгаль,цаг уурын эрсдэл зэрэг юм.

Зүүн бүсэд ядуурлын түвшин хамгийн өндөр буюу 43.9 хувь, баруун бүсэд 36 хувь байна.
Хөдөөгийн хүн ам ядуу байгаа нь зах зээлээс алс, дэд бүтэц хөгжөөгүй, нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломж хязгаарлагдмал, байгаль, цаг уурын нөлөөллөөс хамааралтай байгаатай холбоотой.
Нийт хүн амын 10 гаруй хувь нь давхацсан олон хүчин зүйлээс шалтгаалсан ядууралд өртсөн байна. Click To Tweet Монгол Улсын Олон хэмжүүрт ядуурлын индекс (ОХЯИ) 2016 онд 0.043 байгаа нь орлого, эрүүл мэнд, боловсролын зэрэг давхацсан олон хүчин зүйлээс шалтгаалсан ядууралд хүмүүс өртөж байгааг илэрхийлж байна.
Нийслэлийн гэр хорооллын нийт хүн амын 38 хувь нь ядуу байгаа бөгөөд өрхийн тэргүүн нь ажилгүй, боловсролын түвшин багатай, нийгмийн халамж тэтгэмжээр амьдардаг, албан бус салбарт ажилладаг гэр хорооллын өрхүүд хамгийн ядуу байна. Хөдөлмөрийн багтаамж ихтэй салбарыг хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангахад төрийн бодлогыг чиглүүлэх нь ядуурлыг бууруулах гол арга зам байх болно. Ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгох бас нэг арга зам бол нийгмийн хамгааллыг сайжруулах явдал. Энэ нь хүн амыг нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамруулах, хүүхдүүдэд боловсрол, асрамж халамжийн болон хоол тэжээлийн дэмжлэг үзүүлэх, хөдөлмөрийн насныхан, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн орлогын баталгааг хангах замаар нийгмийн хамгааллын суурь үйлчилгээг хүртэх боломжийг нь баталгаажуулах зорилготой. 2017 онд нийт хүүхдийн 88.9 хувь, ахмадуудын 97.5 хувь, ажилгүйчүүдийн 44.7 хувь нь нийгмийн хамгааллын суурь үйлчилгээнд хамрагдсан байна.

Эх сурвалж:Монгол Улсын Үндэсний сайн дурын илтгэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ