• Генерал Б.Хурц, прокурор асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

    С.Зориг агсаныг хөнөөсөн хэргээр 24-25 жилийн ял аваад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох хэргийг Төв аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 6 хоног хэлэлцэн өнөөдөр шийдвэрээ гаргалаа.

    Шүүгч нар гэм буруутай эсэхийг тооцох зөвлөгөөн дуусч, шүүгдэгч нарыг дөнгөж сая шүүх хурлын танхим руу оруулж шийдвэрээ танилцууллаа.

    Шүүх бүрэлдэхүүн хуралдаад Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэрэгт ял оноосонгүй. Харин уг хэргийн баримт болох 24 СD-г хангалтгүй гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ.

    Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж байгаа.

    133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ

    133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ

    251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

    Улсын яллагч тав хоногийн дотор эсэргүүцэл бичих боломжтой. Харин хохирогч Т.Чимгээгийн өмгөөлөгч уг асуудлыг зөв гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ